Ялгаа алга, бүх намууд татан буугдаад, ганцхан намтай байя

2025 оны 03 сарын 20

Ардчилсан Монгол Улсын төр олон намын системээс бүрдсэн, сонгодог ардчилалтай орон. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын ардчиллыг хангасан учраас өнөөдөр парламентад олон нам ажиллаж байна хэмээн цээжээ дэлдэх. Өдгөө Монгол Улсад улс төрийн 37 нам байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ ганцхан МАН хэмээх нам л байна. Тэр ч бүү хэл парламентад таван намын төлөөлөл, Засгийн газарт гурван намын төлөөлөл байгаа ч ганцхан нам л байгааг бүхий үйл ажиллагаа, Төрийн бодлогоос харж болно. Ингэж завхарч байхаар Монгол Улсын бүх улс төрийн намууд татан буугдаад ганцхан намтай болвол таарна. Учир нь баруун, зүүн үзэл баримтлалтай намууд нь эртнээсээ л өвөр түрийдээ орчихно.

Ногоон цагаан үзэлтэй нь ялгаа алга. Ерөнхийдөө хаа эрх ашиг байна, нэгдээд улс орноо тонон дээрэмдэж байхад олон намын систем, парламентын ардчилал ярихын ч хэрэг алга. Өнөөдөр гэхэд таван намаас бүрдсэн парламент, гурван намаас бүрдсэн Засгийн газар ажиллаж байна. Сөрөг хүчний үүрэг алга болсон. Ядахад парламент нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадахаа болтол дампуурсан байна.

Нам намын төлөөлөл Засгийн газарт байгаа учраас парламент нь хяналт тавьж чадахгүй сууна. Өнөөдрийн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг бараг Засгийн газар нь удирдаж байна гэхэд болно. УИХ Засгийн газрын үг хүсэл бүхнийг үг дуугүй биелүүлдэг ийм л газар болж хувирлаа. Тийм хууль батлах хэрэгтэй байна гээд төсөл шидэхэд зөв буруу ч хамаагүй “үйлдвэрлэж” байдаг үйлдвэрийн газар болчихлоо. “Олдоод өлдөнө” гэгчээр  олон намын төлөөлөл орж ирээд 126 болж тоог өсгөсөн биш улам бүр дорджээ. Энд үзэл баримтлал, баруун зүүнээ мэдэхгүй төөрсөн нөхөд суудаг бөгөөд хэдхэн тооны хүний дохио зангаагаар үйл ажиллагаа явуулдаг газар болж хувирсан. Манай үеийн үеийн парламентад алдаа байсан. Гэхдээ арай ч ийм дор орсон парламент байсангүй.

 

ХҮН ИНГЭЖ БАЙХААР ТАТАН БУУГДААД МАН-ДАА НЭГДВЭЛ ТААРНА

 

УИХ-ын сонгууль болж, Засгийн газар байгуулагдсан цагаас хойш есөн сарын хугацаа өнгөрөхөд цахилгаан эрчим хүчний үнэ 85 хувь, дулааны үнэ 85 хувь, авто машины татвар 300 хувь, гаалийн татвар 20 хувь, нийгмийн даатгал 26 хувь, газрын төлбөр 45 хувь, агаарын бохирдлын татвар 50 хувь, усны төлбөр 66 хувь тус тус нэмсэн. Мөн гаалийн татвараа хятдадуудад зориулж, цемент, гурил 0 хувь болгосон нь үндэсний үйлдвэрүүдийг дампууруулсан. Үүнээс гадна цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэн, бүх төрлийн торгуулийг хоёр дахин нэмсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-300 хувь нэмж, ипотекийн зургаан хувийн зээл бүрэн зогсож, барилгын компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орсон зэрэг ард түмний нуруун дээрх ачааг нэмж сөхрүүлж байхад ямар ч улс төрийн нам эсэргүүцэл үзүүлж, өөрсдийн бодлогоо танилцуулахгүй байгаа нь Монгол Улсад улс төрийн ганцхан нам байна гэж хэлэхэд хүргэлээ. Уг нь ХҮН нам нь Монголын түүх соёл, Монгол хүн, Монголын орчин нөхцөл, үндэсний зорилго болон дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гэж үздэг хүмүүнлэг эрх чөлөөний үзэл, баруун төвийн үзэл баримтлалтай. Өөрөөр хэлбэл хүний төлөө нам юм.

Гэвч тус намын дарга Т.Доржханд нь Засгийн газарт Шадар сайдын суудалд заларчихсан, эрчим хүч цахилгааны үнэ нэмээд сууж байна. Ерөөсөө ХҮН нам нь наймааны хөгшин морь шиг болсон. Тус намын дарга Я.Доржханд “Манай нам парламентад суудалтай улс төрийн хүчин. Бид нар хүчтэй сөрөг хүчин” хэмээн Засгийн газарт орохоосоо өмнө цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ биш юм. Яагаад гэхээр ХҮН нь өнгөрөгч 2020 оны сонгуульд Монголын Социал Демократ нам, Ёс зүйн намуудтай “Зөв хүн электорат” эвсэл болж орсон учраас Я.Доржханд нь ХҮН-ын төлөөлөл биш эвслийн төлөөлөл гэдгээ мартчихсан л явсан.

Уг нь тэрбээр олон намуудын хүч, олон мянган хүний зүтгэлээр парламентад орж ирчихээд зөвхөн ХҮН-ынхаа нэрийг авч яваад бусдыг хөсөр хаясан хүн. Тэгэхээр айсуй сонгуулиар хамтарч сонгуульд орсон намууд болон бусад улс төрийн хүчнүүд ч Я.Доржхандад итгэхгүй, нэгдэхгүй. Түүнд МАН-ыг далдаас дэмжихээс өөр арга үлдээгүй байсан. Мөн сонгогчдыг хулхидсан. Тэр 2020 оны сонгуульд эвсэл болон орохдоо мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн үзэлтэй залуусын нэгдэл, “Зөв хүн электорат” хэмээн сурталдаж байсан ч үнэн хэрэгтээ парламентад орж ирсэн цагаас хойш өнөөх өндөр мэдлэг болдовсрол бүхий залуусаа намтар ч үгүй, сураг ажиг ч үгүй хаясан. Эцэст нь ХҮН намаар шагайх хүнгүй болж, загвар өмсөгч хүртэл “хөлсөлж” байгааг бид харж байна. Тэгээд ч Я.Доржханд УИХ-д орж ирсэн цагаасаа хойш МАН-ын үг хүсэл болсон хүн. Энэ нь үзэл бодлоо дагаж, саналаа өгсөн сонгогчдынхоо голыг нь гогдоход хүргээд байгаа. Өнгөрөгч хугацаанд эрх баригчдын олон томоохон акцыг дэмжиж ирснийг ард түмэн мэднэ. Тиймдээ ч тэр аанай л олон мянган гишүүд дэмжигч, сонгогчдын итгэл зүтгэлээр ялалт байгуулчихаад МАН-ынхаа өвөрт орчихсон. Одоо юун үзэл баримтлал, үг дуугүй МАН-ын дохио зангаан дор засгаас хоол хороож сууна. Суухдаа зүгээр суухгүй, иргэдээ мөлжсөн дарамталсан бодлогыг дэмжин, уухайлан сууна. 

 

АН ГЭМТНҮҮДИЙН ТОЛГОЙ ХОРГОДОХ ГАЗАР БИШ Л ДЭЭ

 

Цагтаа олон зуун мянган гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэтгэн, Төрийн эрхэнд жаалж явсан АН-ын хүч жилээс жилд суларсаар байна. Суларсаар байгаагийн шалтгаан нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын өвгөд орон зайгаа тавьж өгөхгүйд бий. Хүмүүс Л.Гантөмөрийг дараа үеийн төлөөлөл намын эрхэнд гарч ирлээ гэх байх. Үнэн хэрэгтээ үгүй юм. АН доторх фракц фракцын эрх ашгийг гүйцэлдүүлэхээр гарч ирсэн “Утсан хүүхэлдэй” юм. Арга буюу цагийн эрхээр “Даравч дардайна, булавч бултайна” гэдэгчлэн С.Эрдэнэболд нарын цөөн залуус хэний ч дэмжлэггүй гараад ирлээ. АН-ын өвгөд чухам яагаад намдаа хайртай царайлаад үхэн хатан тэмцэлдээд байдаг юм бэ гэхээр бүгд гэмт хэрэг өдүүлсэн.

АН-гүй бол “Дээлээ нөмрөхөд” бэлэн хүмүүс. Зарим нь гадаадад зугтаагаад явж байна.  Ийм учраас Л.Гантөмөрийг фракцуудын тохиролцоогоор даргаар сонгож байгаад өөрсдөө ар талд нь удирдаж байгааг нуух хэрэггүй. Тиймдээ ч Л.Гантөмөр олон өвгөнийхөө эрх ашгийг хангах, тохиролцоо хийх замаар МАН-ын эрх бүхий Засгийн газарт орчихсон амаа үдүүлээд явж байна. Уг нь АН баруун төвийн үзэл баримтлалтай улстөрийн нам. Товчхондоо нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Хоёрдугаарт,  хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх ёстой. Гуравдугаарт, шударга ёсны эрх чөлөөг (хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй) хангасан байх ёстой. Дөрөвдүгээрт, улс төрийн эрх чөлөөг (сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт) хангах ёстой. Үүний дараа үндэсний эрх чөлөө гэдэг ойлголт бий. Энэ таван зүйл дээр АН нэгдэж байх ёстой ч өнөөдөр өвөрт нь орсон эрх баригчидтайгаа нийлчихсэн хувийн өмчийг авах булаах тухай өөрсдөө мэдэгдэл хийгээд сууж байна.

Энэ байдал нь дээд түвшиндээ ийм байхад бусад шатанд ч адил тэгш үйлчилж эхэлсэн нь цаашдаа энэ нам байх эсэх тухай ч асуудал хөндөгдөж таарна. Л.Гантөмөр Засгийн газарт Шадар сайдын алба хашиж, эрх баригчдын үг хүслийг үг дуугүй гүйцэтгэж байхад НИТХ, аймаг, сумын Иргэдийн хурал гээд бүхий л шатанд АН гэх улс төрийн хүчин байхгүй юм шиг ажиллаж байна. Одоогийн байдлаар НИТХ-ын 45 төлөөлөгчийн тав нь АН-аас сонгогдсон. Гэтэл Хотын дарга, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарын өмнө хүчин мөхөсдөж амаа үдүүлэн сууна.

Тэр ч бүү хэл АН-ын төлөөлөгч Д.Бадарсан гэх нөхөр Хотын даргын орлогчийн статустай Авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдчихсон тууж явах жишээтэй. Улс эх орны төлөө бол энэ бүү хэл томилгоо хийж болно. Тэр тусмаа бодлогын түвшинд хэнтэй ч хамтарч болно. Хамгийн гол нь Хотын даргын багт алба хашиж явна гэхээр улс төрийн талаасаа утгаа алдчихаж. Дээр доргүй албан тушаалаар амаа үдүүлж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшил рүү ус цацаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.230.95.51) 2025 оны 03 сарын 20

ene heden uls turch zugeer l Nam nam gej ardtumen karmaandah munguur tansgalj gadagchaa zugaalj amdralaa uud tataj ursdiin biznes ee anhaardag hezeech alch nam ardtumennii baihadgui ene olon jil harlaa da ardtumen tatvariig yaj ureh u yaj ardtumen zovj Olson mungungiig hulgailj avah gesen hudalch luivarchin namuud bna da ardtumen tavlaad doromjlood surthan yuch uurchlugduhgui yuch hiij buteegui sunj bgaa oron ardtumen min uruvduuljtei yum da ene hudalch hulgaich namuudad hench arga hemjee avj chadhaa bolthon ur huuhed min uruvduultei ene olon nam hereggui

0  |  0
Close menu