Нэг ч үзүүлбэрээ давтан тоглодоггүй “Дэлхийн цирк Монголд” дахин ирнэ

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

Гэр бүлээрээ хамтдаа үздэг цорын ганц үзвэр бол цирк гэдэгтэй маргах хүн бараг байхгүй болов уу. Хүүхэд, гэр бүлдээ зориулан зарцуулсан хамгийн дурсамжтай, чанартай цаг бол магадгүй цирк үзсэн үйл явдал болно байх. Бидний өмнөх үед ч ийм байсан, одоо ч ийм байна, ирээдүйд ч ийм байна биз. Үе үеийн багачуудын сонирхолыг татаж, сэтгэлийг булаадаг энэ урлаг өөрөө гайхамшигтай, маш олон төрлийн үзүүлбэр нийлж нэгдэн тайзнаа амилдаг учраас хүүхэд, томчууд гэлтгүй үзэгчдийнхээ зүрх сэтгэлийг соронз мэт татдаг болов уу.

Нэг ч үзүүлбэрээ давтан тоглодоггүй гэдгээрээ алдаршиж, үзэгчдийн талархалыг хүлээсэн “Дэлхийн цирк Монголд" дахин ирж өргөн олон үзэгчээ баясгах гэж байна. Энэ удаагийн тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр, нэр хүндтэй жүжигчид болон сургуультай өхөөрдөм нохойнууд оролцож, хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдээ үзүүлэх юм байна.

 

ДЭЛХИЙН НОМЕР-1 АЛИАЛАГЧ ДЭВИД ЛАРИБЛЕ МОНГОЛД ИРНЭ

 

Энэ хүндэт зочдоос гадна дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирэх нь. Тэрбээр циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. “Дэлхийн цирк Монголд”  төслийн санаачлагч, ерөнхий продюсер, Олон улсын циркийн холбооны шүүгч Н.Эрдэнэ “2025 онд цоо шинэ үзүүлбэрүүдтэй эргэж ирнэ” хэмээн өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа амлаж байсан билээ.

Тэрбээр “Монголын циркийн түүхэнд ахин шинэ хуудас нээхээр зорьж буй уг тоглолт нь тав тухтай танхим, шинэлэг тайз, орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологиудыг ашиглан үзүүлбэр бүрийг онцгой өнгө төрхтэйгээр хүргэхээр бэлтгэж байна” гэв. Энэ удаагийн тоглолтод циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нисэлт, дэлхий дээрх энэ цаг үед цор ганцад тооцогдож буй эмэгтэйчүүдийн  шидэх банзнаас үсрэгчид, амь өрссөн  мото шоу,  есөн  метр өндөр дугуйн дээрх үзүүлбэр багтжээ. Мөн циркийн урлагийн хамгийн үзэсгэлэнтэй агаарын цагариг,  өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцон тоглоно.

Тоглолт ирэх сарын 12-ноос эхлэн тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт буюу амралтын өдрүүдэд STEPPE ARENA ордонд зохион байгуулагдах бөгөөд  тасалбарыг хэдийнэ ticket.mn борлуулаад эхэлжээ.
 

 

ЦИРКИЙН МАНЕЖ ТОЙРСОН “ЖИРГЭЭ”

 

Бидний хойд хөрш улс ОХУ-ын "Great Moscow State Circus" циркийн жүжигчид дэлхийд цор ганц гэгддэг эмэгтэйчүүдийн банзны номер нь циркийн уламжлалт болон орчин үеийн акробатик үзүүлбэрийг биеийн өндөр нарийвчлал шаардсан тэнцвэрийн техник, олон давхар эргэлт, үсрэлт хийх чадвар, багийн ажиллагаатай хослуулсан гайхалтай үзүүлбэр юм. Ихэвчлэн эрэгтэй уран бүтээлчид гүйцэтгэдэг хүнд эрсдэлтэй, тэсвэр тэвчээр шаарддаг энэхүү үзүүлбэрийг эмэгтэй хүний уян хатан байдал, гоо үзэсгэлэнтэй төгс хослуулан дэлхийн хэмжээнд анх удаа тууштай хөгжүүлсэн нь циркийн урлагийн түүхэнд шинэ хандлага авчран, онцгой байр суурь эзэлсэн юм.

Беларусь, Киргиз улсын циркийн жүжигчдийн агаарын полёт буюу агаарын нисэлтийн үзүүлбэр нь агаарт нисэж, эргэлдэж, уян хатан хөдөлгөөн хийн, жинхэнэ эр зориг, авьяас, хатуу бэлтгэлийн үр дүнд бүтээгддэг циркийн урлагийн сэтгэл хөдөлгөм, адал явдалтай, үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг үзүүлбэрүүдийн нэг болжээ. Энэхүү үзүүлбэрийг циркийн хаан үзүүлбэр гэж нэрлээд байгаа юм. Ур чадвар, хүч, уян хатан байдал, багийн ажил, эр зоригийг хамгийн өндөр түвшинд шаарддаг эрсдэлтэй үзүүлбэр учраас тэр.

Герман улсын циркийн жүжигчин Claudius Specht нь жонглёрын үзүүлбэртээ шинэ үеийн техникийн ур чадвар, өвөрмөц, сонирхолтой үзүүлбэрүүдийг бүтээснээрээ олон улсад алдаршсан нэгэн. Жонглёрын урлаг нь дэлхийн циркийн урлагийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн жүжигчний биеийн уян хатан байдал, гарын ур дүй, хурд, хараа, тэсвэр хатуужлыг харуулдаг онцгой үзүүлбэр юм. Гар болон биеийн хөдөлгөөнийг төгс зохицуулж байж энэхүү үзүүлбэрийг төгс үзүүлэх боломжтой болдог. Үүн дээрээ хурд ба нарийн зохицуулалт, тэнцвэр болон биеийн хяналт, зөвхөн техник бус уран бүтээлч байдал зэргийг хослуулснаар хамгийн гайхалтай үзүүлбэрийг бүтээдэг.

Харин Украин, ОХУ-ын жүжигчдийн агаарын цагирагтай номер нь гоо сайхан, хүч чадал, уян хатан байдал, хүний биеийн боломж, өндөр эрсдлийг хослуулсан гайхалтай үзүүлбэр юм. Өндөрт хурдтай эргэлт, хүчний гайхамшиг, уян хатан бие, урлагийн мэдрэмж, тайзны хувцаслалт зэрэг нь гоо зүйн өндөр мэдрэмжийг танд төрүүлэх болно. Энэхүү үзүүлбэр нь циркийн урлагийн хамгийн сэтгэл догдлуулам, эрсдэл өндөртэй төрлүүдийн нэгт тооцогддог билээ.

 

ӨХӨӨРДӨМ НАЙЗ НАРАА Ч ОРХИЛГҮЙ АВЧИРНА

 

Узбекстан улсын жүжигчид, өхөөрдөм, сургуультай ноходын тоглолт бол хүүхэд, насанд хүрэгчид гэлтгүй хүн бүрийн сэтгэлийг баясгах хамгийн хөгжилтэй, хайр хүрэм агшнуудын нэг байх болно. Эдгээр авьяаслаг дөрвөн хөлтнүүд олон сар, жилийн туршид тусгай бэлтгэл хийж, циркийн үзүүлбэрийн урлагт суралцсан байдаг нь гайхалтай. Энэхүү сургуультай ноход зөвхөн үзүүлбэр үзүүлээд зогсохгүй, хүн бүрт аз жаргал, хайр, үнэнч нөхөрлөлийн илэрхийлэл болдог ба амьтад хэр ухаантай, авъяастай, хөгжилтэй болохыг бидэнд харуулна. Ташрамд өгүүлэхэд, олон улсад циркийн тоглолт суурин, нүүдлийн, кабарет шоу, спорт арена гэсэн үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж иржээ. Циркийн урлаг жүжигчний апарат хэрэгслээс эхлээд маш их хөрөнгө мөнгө шаарддаг учраас яалт ч үгүй улсынхаа дэмжлэгээр хөгждөг. Тиймээс олон улсын циркийн хөгжил, жүжигчдийн тоглолт ямар түвшинд байгааг энэхүү тоглолтоос харж болно. Мөн эсрэгээрээ энэхүү тоглолтод оролцож байгаа гадаадын жүжигчдэд Монголынхоо жүжигчдийн чанар чансааг харуулахыг зохион байгуулагчид ихэд хичээдэг юм. Энэ мэтээр олон зүйлийг “Дэлхийн цирк Монголд” ирэхээр нь үзэх болно. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.225) 2025 оны 03 сарын 25

Муухай лхидуулсандаа өмнө нь

0  |  0
Close menu