ОЛОН ӨНГӨ I Цагдааг соён гэгээрүүлэхгүй бол...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 03 сарын 29

Саяхандаа “Миний цагдаа намайг аварна” гэж ярьдаг, тэгж бичдэг, итгэдэг байлаа. Гэтэл цагийн аясаар бүх юм өөрчлөгдөж, хэзээ ч хувирахгүй, өөрчлөгдөхгүй юм шиг, найдвар итгэл минь хэвээр байх шиг санаж ирсэн цагдаа өөрөө гэмт хэрэгтэн, бүр хэрэг зохиож, тэр рүүгээ гэмгүй хүмүүсийг чирж оруулчихаад бусдын зовлонгоор наадаж суудаг болчихсон байх ч гэж дээ. Хоёр жилийн өмнө хамт ажилладаг бүсгүйн нөхөр гар утсаа хулгайд алдаж, цагдаад хандсан юм. Гэхдээ өөрөө эрэн сурвалжлаад хулгайн бүлгийг үүрэнд нь илрүүлчихсэн байсан. Түүнээс өмнө цагдаа хулгайчийг “барьсан” байсан атлаа “дарчихсан” байсан. Тэгээд “утсыг чинь зарсан байна лээ, би мөнгийг нь цувуулаад өгүүлье, чи гомдлоо татчих гэж шалсан байсан.

Саяхан өөр нэг маань гар утсаа алдсан, яг тэр л хэрэг гардаг газрын орчимд. Цагдаад тэмдэглүүлж, олон хоног сар хөөцөлдлөө.Сүүлдээ цагдаа нь утсаа авахгүй, очихоор нь “олон хэрэг оочёртой байна, нэг муу гар утас юу юм бэ” гэж хөөсөн гэж байгаа.Бас нэг танил маань матрын арьсан цүнхээ дээрэмдүүлчихэв. Нөхөр нь гайгүй алба ажил хашдаг тул танил цагдаа руугаа утас цохитол хаана, хэдэн цагт, ямархуу царай төхтэй, бие хаатай хүн булаасныг сонсоод “Өө, тэр л байна, эргээд залгая” гэснээ “20 минутын дараа манай өрөөнд ирээд авчих” гэсэн. Тээр жил олон нийтийн сайн мэдэх Туулын бургасанд бүгсэн “Багтай дээрэмчин”-ийг цагдаа барьж, үүргэвч дүүрэн гар утсыг хураасан атал хохирогчдыг дуудаж эд зүйлийн таниулга хийгээгүй, хохирлыг төлүүлээгүй хэрэг дарагдсан. Сүүлийн үед  цагдаа оролцсон онц ноцтой гэмт хэргүүд гарч ирсээр. Мөрдөгч авлига авсан, залилан  хийж банкнаас их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан л гэнэ.

2000-аад оны дундуур РС тоглоомын газрууд "харх" шиг энд тэндгүй үүрлэж, тэнд гэмт хэрэг цэцэглэсэн нь цагдаа нарын бизнес байсан бол сая мөрийтэй тоглоомчдыг ивээлдээ авч, сар бүр  75 сая төгрөг авдаг байсангэх хэрэг сөхөгдөв. Цагдаа хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээлэл нэг хэсэг хүмүүсийг айдаст автуулсан. Гэтэл хүүхний ченж гэж цагдаагаас тэтгэвэрт гарсан хүн байна л гэнэ. Цагдаа гэмт хэрэгтнүүдтэй “шадарлаж”, хэрэг зохиож зохион байгуулан тэр лүүгээ гэмгүй хүмүүсийг чирж оруулдаг, тэгээд их хэмжээний мөнгө, авлига нэхдэг л гэнэ. Нөгөө “Хүрээний бузрыг уудалбал далай, далай” гэдэг хэлц үг л санаанд орж байна. Монголын төр, төрийн нэрээр хууль журам сахиулдаг цагдаа нараа соён гэгээрүүлээч, боловсролд нь анхаараач. ЦЕГ дотроо "их цэвэрлэгээ" хийхгүй бол гэмт хэрэгжсэн, шоронжсон, авлигажсан улс болох нь дээ, манай улс.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юнээн(202.21.120.158) 2025 оны 03 сарын 30

Юнээн

0  |  0
Close menu