ОЛОН ӨНГӨ I Диваажинг ийнхүү төсөөлсөөр ирсэн ажгуу

2025 оны 03 сарын 29

Өрнө зүгийн Бадам хэмээх Сугавадийн орны хөрс нь гэвээс элдэв зүйл эрдэнэсийг нунтаглан асгасан мэт алаглан эрээлж хээлсэн, нэг дор нь шүр, нэгэн дор нь номин, нэгэн дор нь биндэръяа тэргүүтэн үзэсгэлэнтэй бөгөөд газрын ерөнхий байдал нь гүдгэр хотгоргүй машид тэгш үзэгдэнэ. Тэнд эгэлийн шороо тоос гэх нэр ч үгүй бөлгөө. Газарт хүрэлцвээс машид зөөлөн өвсөнд хүрэх мэт, сайхан хөх цэцгүүд элдэв зүйл ургамал цэцэгс ба сайтар чимсэн бодь модод ургасан байна. Найман эрдэмт дияаны ус урсахаас өөр олон зүйл усны нэр бээр ч үгүй. Бэлгэ билгийн цогт бадрангуй галаас өөр ертөнцийн түлэх шатаах галын нэр ч үгүй. Халуунаар гандаж хүйтнээр даарахын зовлон гэж үгүй. Хир тоос эс халдсан, тунамал өнгөт зөөлөн салхи сэр сэр хөдлөхөд өвс цэцэгс дөлгөөнөөр үелзэн найгана.  Огоот тонилгох ариун үнэр ханхлахаас өөр эгэл ертөнцийн элдэв янзын үнэр гэж үгүй бөлгөө.

Эгэл уул, гуу жалга, халил ганга, эрэг нуранги ба үтэл чулуу тоосго хэмхдэг хайрга, хэсэг бусаг хожуул, балчиг намаг, өргөст харгана тэргүүтэн ерөөс үгүй. Зарим газарт нь эрдэнэсээр бүтсэн уул хад нугууд хээлж зассан мэт. Цагаан шилэн болор хаданд улаан шүр, өнгөт номин, хөх биндэръяа тэргүүтнийг шигтгэн чимэглэсэн мэт машид үзэсгэлэнтэй. Ер орны байдал нийтдээ үзэж ханашгүй, аль зүг харавч нүдэнд нэн үзэмж төгөлдөр, сэтгэлд баясгалантай болой. Тэнд бэлэг билгийн гэрэлт шүхрээр гийгүүлэхээс бус нар сарны нэр бээр үгүй, хутагтын гэгээн гэрэл билгүүнээс өөр өдөр шөнө гэх нэр ч үгүй билээ.

Номын хаадын хөвүүд өөрсдөө төрснөөс бус хаан түшмэд гэх ойлголт үгүй, би хийгээд минийх хэмээн үл баримтлах тул хэрүүл баруурын нэрийг ч мэдэхгүй болой. Самади дияаны идээ идэхээс өөр эгэл бор идээний нэр ч үгүй, ариун шагшаабадын хувцад өмсөхөөс өөр хувцадын нэр ч үгүй ажээ.

Тэнд дөрвөн зүйл төрөхийн нэр бээр үгүй, егүүтгэл үгүй насны эрхийг олсон тул өтлөх үхэхийн нэр ч үгүй. Тэдгээр арилсан оронд хотол бүгдээр зөвхөн бодь явдлаар явах тул хорт муу явдлын нэр ч байхгүй. Тэнд Цаглашгүй Гэрэлт Авид бурхан тэргүүтэй бодьсадва нарын өгүүлэлдэх үзүүр хязгааргүй номын дуун үргэлжид намуухнаар дуурсан байх бөлгөө. Эгэл ертөнцийн булай бачим уур, хүсэл шунал, атаа жөтөө, омог аархал сэлт мулгуу тэнэгийн улбааг огоот дарсан гайхамшигт тэгш чанарын хүжэс бээр будран байх тийм л сонин гайхамшигт орон ажээ. Үзвээс ханашгүй биет, элдэв зүйл өнгөт солонгоор хүрээлүүлсэн, эртний ерөөлийн хүчээр нигүүлсэхүйн олон гэрлийг арван зүгт сацруулсан, гэрэл тутмын үзүүрээс тоо томшгүй хувилгаан бурхадыг гаргаж цаглашгүй тоот амьтдын тусыг нааш цааш тасралтгүй үйлдэвч номын чанарт буурах нэмэх гэж үгүй болой. Бурханы тэр оронд хутагтнаас өөр зургаан зүйл амьтны нэр ч үгүй ажгуу. Авид бурхны ахуй орон гэж энэ болой.

Н.Даваадаш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu