Хүүхдийг эхээс төрөнгүүт ээжид нь тэврүүлэн тайвшруулж, ангир уургийг нь шимүүлдэг монгол ухааныг хаяж, Европыг дууриаж ёсгүй авирлан, дөнгөж төрсөн үрийг эх баригч аваад явдаг болсноос эх үрсийн элбэрэл холдож нярай үрсийн биеийн дархлаа суларч эхэлсэн гэх. Гол хүйтрэлт гольдролыг эвдэнэ. Дархлаажуулалтын гол нууц нь ээжийн ангир уураг, элгэндээ тэврэх эхний эгшин гэнэм.
Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн жаргалтай жам. Эцэг эх болно гэдэг энэ хорвоогийн үүрэг өгөгдөл. Амьдралаа дөнгөж эхэлж буй хосуудад алив бүхэн амттай бас соньхон. Ээж болно гэдэг элбэрэлт эрдэм. Энэ хорвоог нөхөн нэхэн баясуулж, амь үргэлжүүлж буй том оноолт.
Эх хүн төрөхөд эх орон тэнийдэг гэдэг үгийн цаад утга салаа олон. Тэдний нэг нь анхны үрээ тэврэн ангир уургаа хөхүүлэх шиг амирлах жаргалан үгүй ээ. Энэ талаар ч эдүгээ монголчууд ойлгож эхэлсэн. Төрөх амаржих газрууд ч анхны тэврэлтийг хөхиүлэн дэмжих болсон нь сайшаалтай. Өмнө биднийг төрөх үед төрөнгүүт нь хүйг нь хөндөөд, жинлээд, угааж, өлгийдээд нэлээд байзнаж байгаад амлуулдаг байсан.
Төрсний дараа ээж хоёр цаг орон дээр байх ёстой. Төрсний дараа хүүхдийн шүлс ялгарч, хөхөө хөхөхөд бэлэн болоод ирэхэд амлуулдаг. Дөнгөж төрсөн хүүхдийг хэвлий дээр тавингуут л хөөрхөн сарвалзаад 15-20 минутын дараа өөрийн эрхгүй шүлс нь ялгараад хөхөө хайгаад гараараа тэмтчээд ирдэг. Тулгар ээжүүдэд туслан хэлэх ээжүүд ч энэ талаар бодолхийлж судалж сураглах нь зөв буйзаа...
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )