Нийгэм ороо бусгаа, эдийн засгийн ядуурал бараг хүчирхийллийн шинж чанартай байгаа нь хоёрхон шалтгаантай. Нэгдүгээрт, Нийгмийн тогтолцоо буруу буюу мөн чанараа шудрага бус, хүний хүн чанарын эсрэг харилцаанд тулгуурласан. Хоёрдугаарт, Нийгмийн удирдлага буруу буюу ард олонхийнхоо эсрэг үйл ажиллагаатай. Өөрөөр хэлбэл, хүн амын олонхийн эрх ашгийг хамгаалсан бус зөвхөн хөрөнгөт цөөнхийн эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаатай. Энэ хоёр үндсэн шалтгаанаар нийгмийн бодит амьдралд ихэвчлэн сөрөг үр дүн гарч байна.
Үнэнийг хэлэхэд цаашдаа улам л буруудаж, улам л дордохоос биш, хүмүүс улам л дотоод мөн чанараа устгаж хохирохоос биш, энэ, зөв, энх амгалан амьдралын замаасаа улам л төсөөрч хувь хувиа хичээсэн үдэл бэртэгчин “адгуусад” болж мөхөхөөс бус, дээд оюун ухаант, төгс бурханлаг хөгжилтэй төрөлхтөн болохгүй нь улам тодорхой болсоор байна. Ер нь, өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн сэтгэхүй, ойлголт, үйл ажиллагаа гадагшаа тэмтчээд байхаас дотогшоо яргаж, шургаж, “төв рүү тэмүүлэх хүч” гаргаж чадахгүй, маш буруу чиглэл хандлагатай байна. АНУ, Япон, Англи мэтийн техникийн орнууд мөдхөн хөгжлийн мухардалд орж, дэлхийн хамгийн зүдэг, хамгийн хортой, хамгийн гамшигийн бодит жишээ улс орнууд болж хувирах үйл явц хэзээ мөдгүй нүүрлэх магадлалтайг эрдэмтэн судлаачид хэлэх болжээ.
Ер нь бол нийгмийн хөгжлийн гол утга нь хүний дотоод хөгжил л байх ёстой юм. Ердөө л, зөвхөн, хүний оюун, гэгээрэл, ёс суртахууны хөгжил. Байгалийн хөгжлийг хүн тодорхойлж чадахгүй. Тодорхойлох арга, аргачлалыг шинжлэх ухаан олж чадахгүй. Энэ бол байгалийн “бүтээгдэхүүн” хүн төрөлхтний хувьд ямар ч боломжгүй. Тиймээс хүмүүс дотроосоо л гэрэлтэж, оюун сэтгэхүйгээ сэтгэж явах хэрэгтэй. Түүнээс бус өнөөгийн төр, нийгмийн энэ бүх сөрөг нөлөөн дундуур мөнгө төгрөг ярих алга. Гагцхүү оюун сэтгэхүйдээ найдах нь чухал болжээ.
Т.Өлзийтогтох
Сэтгэгдэл ( 0 )