ОЛОН ӨНГӨ I Сонины сэтгүүлч

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

“Сонины сэтгүүлч” гэхээр “Одоо сонин уншдаг хүн байдаг юм уу” гэж заримынх нь нүд орой дээрээ гарах юм. Уншдаг нь цөөрсөн, одоо бичдэг нь ч цөөрч байна.

Сонингүй “сонин” улс болоход маш ойрхон байна. Энэ бол улсаараа уруудахын цондон болохоос хөгжил дэвшил биш л дээ. Үнээн, өнөөдөр өдөр тутмын дөрөв, тавхан сонин үлдсэн.

Аливаа түүхийн гэрч, баримт болж үлддэг болохоор увиагүй түүх, хар мөрөө баллуурдах гэсэн заримын  элдэв шахалт, дарамтыг сөрж тэссэн. Гадны явуулга, элдэв бодлогын нөлөөнөөс ангид мэргэжлийн редакцийн бэлтгэсэн мэдээллийн тэнцвэрт байдлаар улс орныхоо аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаасны үнэ, хэвлэлтийн зардал, элдэв татвар гээд бидний нуруун дээрх ачаа хүнд. Олон соёл, оюуны өвийг тээж ирсэн сонины үнэ цэнэ, сонин оршин байхын утга учрыг мэддэггүй харалган хүмүүс оройд гарсны уршгаар цаасан дээр мөргүй байх, түүх, архивгүй үлдэх зам руу монголчууд орж байна.

Цагтаа Монгол Улсад өдөр тутмын сонин 20 шахам,  чөлөөт хэвлэл, орон нутгийн сонинуудтай нийлээд дөч, тавин төрлөөр хэвлэгдэн уншигчдын оюуны цангааг тайлж байлаа.

Энэ цагийн “Монголын нууц товчоо”-г баринтаглаж буй сонин, сонины сэтгүүлч цөөрлөө. Уншдаг нь ч, бичдэг нь ч байхгүй болчихоор балар харанхуй руу л явахаас өөр яалтай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu