ОЛОН ӨНГӨ I Гэр төсөр, төвөг багатай

2025 оны 04 сарын 05

Хотын өвөлжөө, хаваржаа нэг иймэрхүү байна. Илдээ өвөлжихөөс шантраад гэрээ хэрэмлэсэнд зарим нь буруутгадаг, зарим нь зөвтгөдөг. аль аль нь зөв байх. Дулаарахаар хаваржаандаа нүүнэ. Хаваржаандаа буух арай л эрт үү. Хавсарга яагаа ч үгүй л байна.

Хаврын урт шар өдрүүд сундлаатай. Аргал хомоол унгасган, галаа зэрэглэн асааж гэрийн жавар үргээнэ. Гэр хаана ч сайхан юм. Халуунд халахгүй, хүйтэнд жихүүцэхгүй амьдрах боломжтойг бодолцсон. Орж гарахад агаарын солилцоо нь аядуу, аялгуу зөв. Салхины хүүгээн, шувуудын шулганаан, нохойн боргоон, цасны чихраан чихэнд чимэг, сэтгэлд дулаан аж. Хотоос дайжин хотын хөдөөд амьдрах нь илүү тухлаг, тавлаг, тансаг. Та бид хөдөө, хотод төрснөөс үл хамааран урагш төнхөөд үзвэл бүгд л нүүдэлчин малчин удмынх. Малчдын ухаанаар бол Монгол дэлхийд өрсөлдөгч үгүй ээ. Язгуур үүтгэл маань монгол гэртэй амин холбоотой.

Гэр төсөр бас төвөг багатай. Түнтэгнэтэл хөдөлмөрлөж хөдөлгөнө. Түүчээ тогоруу шиг л тонголзоно. Товир болгоно. Тоймыг мэдэрнэ. Морио дээдэлж, монгол гэрээ босгосон монгол хүн бүр монцойн амьдрах тийм цаган эрхшээвэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu