Хаврын урь орж, ханш нээлээ. Харин одоо хүүхдүүд гарч гүйгээд гэртээ тогтохгүй болох нь бараг тодорхой болов. Ойрын үед мөн ч сайхан өдрүүд болж байна. Одоо нэг асуудал байгаа нь хороо болгон нутаг дэвсгэр дээрх хүүхдийн тоглоомын талбайгаа хог шорооноос нь салган угааж цэвэрлэвэл яасан юм бэ. Зарим тоглоомын талбай хэтэрхий бохир, цөөхөн хэдэн тоглоом нь эвдэрчихсэн байгаа харагдана.
Энд тэндгүй архины шил, пивоны лааз, тамхины иш хөглөрчээ. Дээрээс нь юуны ч юм гялгар уут, чипсны сав салхины аясаар туугдан хийсээд нүүрэнд наалдахаа шахна. Сандлын тавцанг нь хүртэл ховхлоод аваад явчихсан байгаа нь бас л дэндүү юм даа, хөөрхий. Хороонд ахин дахин солиод шинэчлээд байх хөрөнгө мөнгө ямар бэлэн байх биш дээ, байгаа юмандаа аль аль нь аривч хямгач хандаж болдоггүй юм уу.
Бүр нэг хорлон сүйтгэх дон шүглэсэн аятай очиж очиж хүүхдүүдийнхээ тоглоомын талбайг нурааж сүйтгэж байдаг ямар их оюуны хоосрол, хүн чанаргүй үйлдэл вэ. Эрүүл, согтуу насан хүрэгчдийн хийж буй л үйлдэл шүү дээ. Хүүхдүүд л сандлын тавцан хуулаад зогсож байв гэж дээ. Өвөлжингөө утаанд хашигдсан хүүхдүүдээ агаар салхинд тоглуулахсан гэхээр энэ мэтээр эрүүл бус орчин угтаж, дээрээс нь эвдэрхий хэмхэрий тоглоомон дээр бэртэж гэмтэх вий гээд сэтгэл зовоох юм.
Сэтгэгдэл ( 0 )