“Жамбалцанжод” давхацсан өдөр болов

2025 оны 04 сарын 24

Үгүй мөн сонин тохиол болов доо. Дашням, Балжинням давхацсан өдөр гэдэг шиг Конгрессын номын санд “Жамбалцанжод” давхацсан өдөр болов зээ.

Хэд хоногийн өмнө миний бие Будапешт хотноо Монголын Бурхан шашин судлалын хуралд оролцоод ирсэн билээ. Хурал дээр хуучны танил Бямбаа ламтай уулзан хуучилсанд, Бямбаа ламтан саяхан хэвлүүлсэн “Жамбалцанжод” судраа манай номын санд барьсан юм. Ланз, соёмбо, төвөд гурван үсгээр бичсэн ховор судар.

Америкад эргэн ирээд тэрхүү үнэт бэлгээ номын сан дээрээ авчирлаа. Тэгтэл манай ховор хуучин номын тасагт нэгэн судар ирсэн, каталогийг нь яаралтай үйлдэх хэрэгтэй, бусад ажлаа хойш тавь гэсэн тушаалыг дагалдаад битүүмжлэн хайрцагласан ховор ном ширээн дээр маань ирдэг юм байна. Зохиогч, огноо сэлтийг нь олчих санаатай судрыг нь араас нь эргүүлж, “Күрэ чэнмо-Их Хүрээ” гээд будилаад суусныг маань санана уу. Үгүй тэгтэл тэр ном маань Бямбаа ламын ахин хэвлүүлсэн “Жамбалцанжод” байдаг байгаа. Гурван үсгээр бичсэн ийм ховор судар нэг өдөр нэг номын санд хоёр өөр замаар, нэг нь Будапештээс нөгөө нь Шинэ Делигээс хүрээд ирнэ гэж бас байдаг аа.

М.Саруул-Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu