Ганжуур нь Бурхан багшийн айлдсан аман зарлиг, сургаалыг эмхэтгэн бүрдүүлсэн номын их цоморлиг юм. Бурхан багшийн амьд сэрүүндээ айлдсан бүх сургаалыг нирваан дүр үзүүлсний дараах жилд, их гашиба Одсүрэнчинбуугийн удирдлага дор Ананд тэргүүтэй олон шавь нар эмхэтгэн, судар бичигт буулган үлдээжээ. Түүхийн явцад энэ Ганжуур номын эмхэтгэл хоёр ч удаа дахин бүрдүүлэгдэж, нийтдээ олон зуун судар, асар их хэмжээний цоморлиг болон бүрэн төгс бүтээгдсэн байдаг.
Харин өнөө үед бидний гарт үлдээд буй нь 108-110 боть орчим бөгөөд эдгээр нь Төвөд эх бичгээр хадгалагдсан хувилбар юм. Судлаачдын үзэж буйгаар Ганжуурын бүрэн бүтэн эмхэтгэл Монгол, Төвөд, Хятад гурван оронд л өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. Энэ нь Бурхан багшийн сургаал өнөө ч бидэнд хүрч, сэтгэл оюуны гэгээрэлд хөтлөх хүчтэй эх сурвалж болж байгаагийн нэгэн тод илрэл юм.
Данжуур нь Ганжуурын тайлбар бүтээлүүдийг эмхэтгэсэн 200–300 ботийн хэмжээтэй их цогцолбор юм. Эдгээр бүтээл нь Ганжуур дахь ном судруудын агуулгыг гүнзгий тайлбарлаж, ойлголтыг төгөлдөржүүлэх зорилготой. Энэхүү судар бүр нь амьд аман дамжлагаар, багшаас шавьд чихээр дамжин, тасралтгүй уламжлагдан ирсэн нь хамгийн үнэ цэнтэй, онцгой юм. Үүнийг “эш лүн” хэмээн нэрлэдэг бөгөөд судрын үг нэг бүрийг багшийн амнаас шууд сонсож авснаар эш лүний үнэн чанарыг хүртдэг. Ийнхүү Ганжуурын 100 гаруй ботийн эш лүн өнөөг хүртэл тасралтгүй ирсэн нь амьд соёлын гайхамшиг, хосгүй үнэт уламжлал билээ.
Эш лүнг хүртэхийн ач тус нь тухайн номыг зүгээр нэг уншиж, судалж ойлгохоос давж гардаг. Учир нь эш лүнг авна гэдэг нь зөвхөн үг, үсгийг дамжуулан авах төдий бус, тэр номын амин сүнс болсон бурхан багшийн айлдсан сургаал, аман дамжлага, увдис хүч, адис жанлавыг хамтад нь хүлээн авч буй хэрэг юм. Эш лүнг авсны дараа тухайн судар нь хүн хүний сэтгэлд илүү тод бууж, номын хүч чадал нь илүү гүнзгий нөлөө үзүүлдэг. Учир нь Ганжуур бол зөвхөн мэдлэгийн эх сурвалж биш, харин хүний сэтгэлд ариун сайхан чанарыг буулгаж өгдөг, гэгээрэлд хөтөлдөг ариун сан хөмрөг билээ. Энэ чанар нь номын үсэг бүрийг зүрх сэтгэлдээ хүртсэн багшаас шавьд уламжлагдан ирдэг амьд аман дамжлага, эш лүнд агуулагдаж байдаг юм. Иймд бид бүгд энэ их хосгүй өвд боломжийн хэрээр оролцож, түр ч атугай суугаад ерөөл өргөх нь ирээдүйд бидэнд тохиох буян заяаны үүдийг нээж болохуйц үйл юм.
С.Түвдэнцэрэн
/Гандантэгчэнлин хийдийн орчуулагч, гэвш/
Сэтгэгдэл ( 0 )