Бид гурван хэмжээст орон зайд амьдарч байгаа бөгөөд хоёр хэмжээст орон зай буюу хавтгай, нэг хэмжээст орон болох цэгийг харж мэдэрч тодорхой хэмжээгээр харьцаж чадна. Харин түүнээс дээшхи буюу дөрвөн хэмжээст орон зай ямархуу онцлог нөхцөл байдалтай байдгийг зөвхөн төсөөлөх төдийхөн болохоос мэдэрч чадахгүй шүү дээ. Гэтэл эрдэмтэд одоогийн байдлаар микро бөөмсийн орчинд найман хэмжээс бодитой оршин байж болох тухай таамаглал дэвшүүлээд тэр зүг рүү судалгаагаа хандуулаад эхэлсэн ажээ.
Байгаль эх макро ертөнцийн хувьд нэг, хоёр, гурван хэмжээс гээд ер нь гар татуухан аашилсан бол харин микро ертөнцийн тухайтад найман хэмжээс, түүн дээр макро ертөнцийн гурван хэмжээсийг нэмэх юм бол 11 хэмжээст орон зайн маш нарийн тогтолцоог харамгүй хайрласан байдаг аж.
Нарийн гэдгийн учир нь микро ертөнцийн таван хэмжээст орон зай нь бүдүүлгээр зүйрлэн өгүүлвээс дэлхийн бөмбөрцөг дээр багтаж байгаа бүх нарийн ширийн мэдээллүүдийг багтаасантай адилхан нарийн зохион байгуулалт бүтэцтэй байх бүрэн боломжтой байдаг гэнэ.
Тэгвэл микро ертөнцийн ганц протоны дотор орон зайн зургаан хэмжээсийг үүсгэж чадваас дотор нь агуулагдах мэдээлэл, ерөнхий бүтэц нь нарны системтэй зүйрлэж болохуйц нарийн зохион байгуулалттай болон хувирах боломжтой ажээ.
Түүнийг долоон хэмжээст болгон хувиргавал нийт галактикийн хэмжээний мэдээллийг багтаах бичил хязгааргүй уудам орон зай үүсэх бөгөөд найман хэмжээст болгон хувиргасан тохиолдолд нарийн бүтцийг нь нийт сансар огторгуйтай дүйцүүлэн ойлгож болохоор асар нарийн бүтэц, баялаг мэдээллийг агуулсан байх боломжтой хэмээх эрдэмтдийн таамаглал байдаг юм байна.
Ийм нарийн бүтэц, төсөөлж л болохуйц микро ертөнцийн уудам орон зайд оюун ухаант амьдрал, бидний хувьд төсөөлшгүй харь ертөнцийн соёл иргэншил оршин байхгүй бөгөөс харин ч утгагүй хэрэг биш үү? Гол нь тэнд яаж хүрч, тэдэнтэй хэрхэн харилцах нь л харь гаригийнхантай харьцахаас илүү нарийн төвөгтэй үйл явц байж мэдэх л дээ.
Д.Болдбаатар
Сэтгэгдэл ( 3 )
Бид 4 хэмжээстэд бга
Мэргэлдэг нөхдүүд тэдний нэг байж магадгүй
Сүнслэг ертөнц