Бурхан минь, нутаг минь шатаж байна!

2025 оны 05 сарын 02

Нутаг минь шатсаар л.., Онцгой байдлын хүн хүч цөөдөж байна. Хувцас хэрэглэл, тэр барьсан дугуйны олгой хаймраар, ялааны алуур шиг юмыг нь УИХ гишүүн гуай нь хүртэл өөрөө ичихгүй бариад цав цагаан бээлийтэй зогсож байна билээ. Нөгөө нисдэг тэргээр гартаа сансрын дохиололтой холбоо барьчихсан голомтод ажиллаад байгаа сайдтан бууж унтраагаагүй нь л тов тодорхой үнэн. Бүхэл бүтэн гурав, дөрөв  хоног шатаж байна. Сэтгэл эмзэглэхгүй байхын арга алга.

Хамаг ой мод, өвс тэжээлийн чинь нөөц болсон аймаг, газар нутаг шатаж байна. Онцгой үeд хэрэглэх төсөв мөнгө, хүн хүч, цэргийн хүч, техник хэрэгсэл, шинэ технологийн зүйлс хаана байгаа юм бэ. Хараад суух дэндүү хайран биш үү. Онцгой анхаарч, шуурхай хуралдаж шийдэх ёстой юм биш үү.

Засгийн газрын данхар бүтэц, данхан толгойтууд хаана байгаа юм бэ. Нөөцийн сангаасаа зарцуулж, зориулалтын техник технологийн дэвшлийг авч, сайжруулж ирсэн гэдэг том, том тайланд байгаа тоо баримтанд байнга дурдагддаг чинь аль вэ. Одоо ажил үүргээ гүйцэтгэж яваа хэдэн муу онцгой байдлын алба хаагчид хатаж үхэх гээд, утаанд хордож үхэх гээд улаан гал руу ялааны алуур шиг юм барьчихаад бахардаж унах нь унаад, аргаа барчихсан амь тэмцэж байгаа. Хүүхэд байхад манай Тужийн нарс ямар ч их шатдаг байсан юм бэ. Гудмаар дайчлаад л, иргэд ч өндөр ухамсартай байж дээ.

Эх орон шатаж байна гээд гэртээ нуугдаж байгаа гудамны ах нэгийг ч би хараагүй л өссөн. Хар цай ахиухан чана, хэрэг болж мэднэ гээд л нэг тийм бүгд л бэлэн байдалд байдагсан. Бурхан минь, Сэлэнгэ минь шатаж байна!

Д.Отгонцагаан

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.18) 2025 оны 05 сарын 02

Нутаг минь гэхээсээ эх орон минь гэвэл зохилтой!!!

0  |  0
Close menu