Булганчууд Засгийн газрын ээлжит хуралдааныг давгүй хуралдуулжээ. Болж л байна. Тоос даасан намрыг үзэхийн тулд тоост хавартаа хуруу хумсаа хугалах шахам ажилладаг цаг. Тээр жил Ерөнхий сайд П.Жасрай гуай хаврын хагалгаа, газар тариалангийн явц үзэж нэлээд олон сэтгүүлчтэй нисдэг тэргээр очиж хоёр хоног Орхон голыг өгсөж уруудан тариалан, тариаланчид, Бүрэгхангайн арын Эрдэнэ уулын үтрэм дээр үрийн склад, техник засвар, бэлэн байдалтай танилцаж билээ. Бүрэгийн төв дээр хөдөлмөрчидтэй уулзаж, тэнд үдлэв.
П.Жасрай гуай гярхай бөгөөд ухаалаг хүн шүү. “Картын системтэй үед хэнээс ч царай алдаад байхгүйгээр амиа аваад гарах нь танай аймаг даа” гэхэд нь бараг нулимс гарч билээ. Аймагт юун айраг хөхүүр, хөхүүрээр нь эгнүүлэн хул, хулаар дайлах мантай хахирган салхи сүүгсэн тийм л өдрүүд байлаа. Булганы төвийн гурилын үйлдвэрээр орж “Сайн ажиллаж байна” гээд хувьчлалын эхний шатны тухай, хувьцаа, хөрөнгийн хоёрдугаар шатны тухай лавлан асууж байсан юм.
Булган газар тариалангийн үйлдвэрлэлээр Сэлэнгийн дараа л орно. Харин Сэлэнгэ шиг олон баатаргүй, Ингэт толгойн САА, Хутаг Өндөрийн Магсаржав САА гээд хуучны хэдэн луугар баатартай даа. Уран хагалгааны улсын аварга Орхон сумынх, Орхоны “Орхон буудай” кампанийн гээд чийгт бор хөрстэй, хэзээ ч гүн чийгээ алддаггүй ийм нутаг.Бид эргээд өнөөх л нислэг тэргээрээ хот руугаа нисэв. Шороотой, салхитай, хавсаргатай ч намар өгөөмөр ургац авна аа гэсэн П.Жасрай сайдын сайхан үгэнд баярлаад довогносон салхинд туугдаж шахам ниссэн дээ. Бүрэгийнхэн үдийн цайгаар шинэ таргаар дайлж, ирэх цагийн сайханд итгэж сууцгаасан маань зөв байжээ.
Өнөө жилийн хавар мал ид төллөж байхад Булганд хөхүүртэй айрагтай л байна. Болж байна. Булган, Хөвсгөл, Эрдэнэт бол Монгол Улсын цээжинд газар зүйн байрлалтай, хүн зон нь ажилсаг, амны хишигтэй улс. Хотод л халамж их хэрэгтэй болохоос хөдөөгийн сумд бол жилээс жилд халамжаас авахгүйгээр амьдарч байгаа сумд олон. Энэ бол байгаль цаг уур, зах зээлээ дагаад амьдарч чадаж байгаагийн нотолгоо.
Одоо амьдралын чанараа улам дээшлүүлэхийн тулд олон нийтийн саналыг авч олон том төсөл, хөтөлбөрөөс мөн хүртэх юм байна даа. Алтан нутгийнхны минь амны хишиг дүүрэн байг.
С.Оюунчимэг
Сэтгэгдэл ( 2 )
jlzarsan cotsializmiin sait ym bna tanaih
bulgani guriliin uildveriig minii etseg bariulsan ter aimgiinhan ogt dursdaggui martsan jlzarsan socializmtaigaan hol jvcgaa