Засаг даргын завгүй өдрүүд

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

Монгол ёсноо хишиг өдөр гэж хонь хариулах ээлжит өдрийг хэлдэг. Харин манай редакцийн дэвшүүлэн тавьж буй санаа бол нийтийн албан тушаалтан буюу улс төрийн болон төрийн гүйцэтгэх албан тушаалтнууд хаана юу хийж, яаж ажиллаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах юм. Олны хэлж заншсанаар Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн хийж буй ажил алдаа оноо, сайн муу, сайхан муухай бүхэнтэйгээ хар дээр цагаанаар буюу үе үеийн тогтмол хэвлэлийн шарласан хуудаснаа бичигдсэн байх. Харин аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар юу хийдэг юм бол. Тухайлбал, та саналаа өгсөн ИТХ-ын төлөөлөгчид болоод аймаг, сумынхаа Засаг даргыг хаана, юу хийж байгаа бол гэж хааяа ч гэсэн боддог байх.

Тэгвэл таны өмнөөс “Хишиг өдөр”-ийн сурвалжилгад урьвал тэд хэр дуртай байх бол. Бидний эхний зочин бол Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун байлаа. Тэрбээр хэвлэлд харьцангуй нээлттэй хүн юм. Энэ бол эхний сэтгэгдэл. Газар дээр нь очиход ямар байх бол гэдэг асуулт араас нь ургана. Харин тэрбээр өглөөнөөс орой болтол завгүй л байх юм. Зарим нэг арга хэмжээ, үйл ажиллагааг сонирхох завшаан тохиолоо.

 

“Фронт” С.Цэгмид гуайд өгсөн амлалт

 

Москва хотноо тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын сүр жавхлант парад болно. Олноо “Фронт” хэмээн алдаршсан ахмад дайчин С.Цэгмидийг ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын 80 жилийн ойд урьжээ. Түүнчлэн түүний алдрыг мөнхжүүлсэн "Фронт Цэгмид" хэмээх баримтат киног бүтээн, тавдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн юм. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эдүгээ 102 насны босгыг алхаад байгаа, ахмад дайчин С.Цэгмид гуайг Москва руу мордохын өмнө хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, улсын сайн малчин Сүрэнхорын Цэгмид өөрийн намтар түүхээ ийнхүү хуучиллаа. Тэрбээр “Дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед ах, дүү хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэх хувь тохиосон түүхтэй. Мөн түүнчлэн 1942 онд Дундговь аймаг үүсгэн байгуулахад оролцон, шав тавилцах түүхэн үйл хэргийн гэрч болж байлаа. Тиймээс Дундговийн түүх бол миний цээжинд үргэлжийн мөнх байдаг” хэмээн дурсан ярьж, залуу хойч үедээ мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ байгальдаа ээлтэй аж төрөн амьдарч байхыг захин, нутгийн зон олондоо аугаа их Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Аймгийн Засаг даргын зүгээс  эрхэм хүмүүнд хүндэтгэл үзүүлэн Ялалтын баярт оролцох замын зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр болов.

 

“Цагаан нөмрөгт баатрууд”-ынхаа үгийг сонсов

 

Жил бүрийн тавдугаар сард “Сувилагч нарын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.  Энэ жил энэ өдрийг тохиолдуулан “Сувилагч, тусгай мэргэжилтнээ сонсъё!” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сувилагч, тусгай мэргэжилтнийхээ нийгмийн баталгааг хангах, тэдний санал бодлыг сонсох, олон нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн дэмжих, ажиллах орчныг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн ИТХ-ын Ж.Мөнхчулуун, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн дарга А.Амартүвшин болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа үе, үеийн 230 гаруй ахмад сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцсон юм. Хэлэлцүүлгээр танхим, цахим болон цаасаар 90 сувилагч, тусгай мэргэжилтний ирүүлсэн давхардсан тоогоор 670 гаруй саналыг нэгтгэсэн танилцуулгыг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг эрэмбэлэн холбогдох байгууллагад албан хүсэлтээр илэрхийлж, орон нутгаас шийдвэрлэх боломжтой асуудлуудыг хамтран шийдвэрлэх, сувилагч, тусгай мэргэжилтнийхээ нийгмийн баталгааг “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлэх, эрүүл мэндийн төвийн барилгуудыг үе шаттайгаар шинэчлэн засварлах үйл ажиллагааны төсвийг ирэх жилийн төсөвт тусгаж, шийдвэрлэх мөн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдгээ хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байв. Мөн үеэр Дундговь аймгийн “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 15 сувилагч, тусгай мэргэжилтэнд тус бүр гурван сая төгрөг, эрүүл мэндийн дэмжлэг гурван сувилагчид, тусгай мэргэжилтэнд тус бүр таван сая төгрөг, нийт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ шагнаж урамшуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч О.Ууганбаяр, Нэгдсэн эмнэлгийн ахмад сувилагч Г.Оюун, С. Отгонбаяр, Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч  Б.Насанбурмаа, Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Мягмарсүрэн, Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч М.Мөнхнаран, Нэгдсэн эмнэлгийн сувилагч Г.Бямбасүрэн нарын энгэрийг цооллоо. Ажил үйлс, амжилт бүтээлээрээ нөхдөө хошуучлан яваа нэр бүхий цагаан нөмрөгт баатруудад ч Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, Дундговь аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, Сайнцагаан сумын Хүндэт тэмдэг, Сайнцагаан сумын Засаг даргын Хүндэт жуух бичиг, МЗХ-ын Тэргүүний залуу тэмдэг мэргэжлийн ТББ-уудын нэр хүнд бүхий шагналыг гардуулсан юм. 

 

Нутгийн хөвгүүдээ цэрэгт мордууллаа

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байдаг. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн томилогдон сумдад ажиллаж, Сайнцагаан суманд хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдагч залуусыг цэргийн албанд тэнцүүлэх ажлыг зохион байгуулсан билээ. Энэхүү нээлтийн ёслол дээр 2025 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан залуустаа зориулан “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дугуйлангийн сурагчид ая дуугаа өргөн барьжээ. Харин өдгөө 2025 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэрэгт татагдсан залуус Хилийн цэргийн ...дугаар анги, Дотоодын цэргийн ...дугаар ангиудад алба хаахаар мордлоо.

Цэрэгт татагдаж буй залуус ар гэр, ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл, хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр ийнхүү мордов. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Цэрэг татлагын товчооны даргын орлогч, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, анги, байгууллагын удирдлага сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар оролцож, цэргийн албанд тэнцэн, эх орноо хамгаалахаар явж буй залуусыг үдэн амжилт хүссэн юм. 

 

Хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлэв

 

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 3, 4-нд Дундговь аймагт ажиллалаа. Тэд “Ид шидийн орон Дундговь” хүүхдийн хөгжил, хамгааллын төв болон орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн дэмжих” төслийн хүрээнд ЮНИДО-оос Дундговь аймагт үзүүлсэн дэмжлэг, бусад үйл ажиллагаатай танилцсан юм. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн, гэргий болон аймгийн удирдлагуудын хамтаар  Гуяаны төгөлд мод тарилаа.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Манай аймагт сүүлийн жилүүдэд НҮБ-ын санхүүжилтээр хийгдсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Бид энэхүү хамтын ажиллагаандаа маш их талархаж байгаа. Цаашид говийн бүс тэр дундаа Дундговь аймагт хүчтэй явагдаж буй цөлжилт, шар шороон шуурганаас хамгаалах говийн баянбүрд буюу mining oasis төсөл болон аймгийн нийгэм, эдийн засгийн олон салбарт дэмжиж хамтран ажиллана гэдэг итгэл найдварыг тээж байгаа” хэмээв. Улмаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг угтаж, Цөлжилттэй, хуурайшилттай тэмцэх олон улсын өдрийн хүрээнд зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “Залуу малчдын чуулга уулзалт”-ыг Дундговь аймагт зохион байгуулахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu