Барбадосийн гүнж гэгддэг дуучин Рианна гурав дахь хүүхдээ тээж буйгаа алдарт MET GALA ёслолын үеэр олон нийтэд зарлалаа.
Энэ жил 37 нас хүрч буй тэрээр уг ёслолд хүрэлцэн ирэхээсээ өмнө Нью-Йорк хотын Карлайл зочид буудлаас гарч ирэхдээ ийнхүү давхар биетэй болохоо зарласан бөгөөд түүний найз залуу A$AP Rocky улаан хивсний ёслолын үеэр ярилцлага өгөхдөө гурав дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэл үнэн болохыг баталжээ.
Хосууд 2022 онд анхны хүүхэд болох RZA-г өлгийдөн авсан бол 2023 онд хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Рианнагийн хувьд 2023 онд өгсөн ярилцлагадаа дараагийн удаад охинтой болохын тулд хичээх болно хэмээсэн байдаг. Тиймээс энэ удаад түүнийг охин хүүхэд тээж байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ.
Рианна 2020 онд өгсөн ярилцлагадаа хүнтэй суухгүй байсан ч гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болно хэмээн ярьж байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүл зохиохын тулд хичээх болно гэжээ.
Түүний хувьд бүх цаг үеийн хамгийн "загварлаг" хөл хүнд бүсгүйгээр тодорч байсан. Энэ удаад ч мөн загварлаг байдлаа алдаагүй тэрээр ийнхүү гурван хүүхдийн ээж болж буйгаа зарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )