ӨНЦӨГ I Тэсэж тэвчиж болохгүй хил хязгаар гэж бий...

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

Нэгэн өнцөг...

“Хар сарнай” хамтлаг “Харанга” хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийн цахим хуудаснаа “Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо. Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг энэ оны тавдугаар сарын 24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя” гэжээ.

Түүний үгэн дотор үг байгаа мэт...

"Намайг “Харанга” хамгийн ихээр тэвчээртэй болгосон. Хэдийгээр бид эвтэй найртай явж байгаа ч таван өөр ертөнцийн нэгдэл. Хааяа халширмаар, шантармаар үе байсан ч бидний зорилго нэг, хаана хүрэхээ мэдэж байсан учраас холдож салалгүй энэ хүрсэн юм" хэмээн ярьж байсан эрхэм хүмүүн, “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай тэсэж тэвчиж болохгүй хил хязгаар гэж бас байдаг юм шүү гэдгийг сануулах гэсэн юм шиг гэнэт тэнгэр өөд харвасан уйт мэдээтэй бид итгэж ядан эвлэрч сууна. 

Саяхан даа, Монгол Улсын төрийн соёрхолт “Харанга” хамтлаг 35 жилийн ойн хүрээндээ Европын улс орнуудад амьдарч буй монголчууддаа “HARANGA35-Амьдрал” тоглолтоо толилуулах гэж байгаа тухай сураг сонсогдож байсан. Удалгүй Будапешт, Вена, Женев, Стокхолм, Антверпен, Франкфурт, Прага, Лондон зэрэг найман хотод амжилттай тоглож, өндөрлөлөө л гэсэн. Үүнтэй зэрэгцээд цахим орчинд сайн, муу хэл чимээ дуулдаж, зөв, бурууг нь өргөн олноороо шүүн шагширцгааж байсан. Үүний хариу тайлбар болгож, “Үзэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд тарсанд харамсаж байна. Үндэслэлгүй, худал мэдээлсэн энтертаймент болон нэр бүхий хүмүүсийн хандлагад туйлын их эмзэглэж байна. “Харанга” хамтлагийн хувьд уран бүтээлчийн нэр хүнд, үзэгчдийн итгэлийг эн тэргүүнд тавьдаг” хэмээн учирлаж асан. "Харанга"-ын Европ дахь тоглолтын төгсгөлд гарч ирсэн таагүй мэдээлэлтэй холбоотойгоор хамтлагийнхан сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсныг эргэн тойрны олон хүмүүс ярьж, эмзэглэж байна. Ерөөсөө юу болсон эсэхийг мэдэхгүйгээр, мэдэхийг ч хүсэхгүйгээр яг ингэж хэн нэгнийг буланд шахдаг, зүрх, сэтгэл, бие хийгээд тэсвэр тэвчээр нь дийлэхгүй болтол дайрдаг хандлага энэ нийгмийг бүхэлд нь бүрхжээ. Зүгээр л бодлоо, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хандсан хэдэн үг бичээд өнгөрч байгаа мэт боловч тэр бүхэн халуун сэдвийн бай болсон хүнд "бууны сум" мэт ширүүн галтай очдог байх. 

Иймэрхүү, үл ойлголцсон, үнэн худал нь тодорхойгүй үг, үйлдэл,  хүмүүсийн алдаа, оноон дээр дөрөөлж хэтийдэн шүүмжилсэн, далимдуулан гутаасан хандлагууд хэрээс хэтэрч, хайртай дотны гэр бүлийн гишүүд, хэн нэгнийг хамаатуулсан, бүр үр хүүхдийнх нь зураг хөргийг хүртэл нийтэлж, нэр төрд нь халдсан цахим гадуурхалтын жишээ олон ч хүн дээр ажиглагддаг болов, сүүлийн үед. Үүний өмнө “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнийг нас барахын өмнө ч “хар тамхичин” гэж хашгирцгаасан.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ерөнхий сайдын зөвлөх П.Анужин нарын энэ цаг үеэ өнгөлж, тод гэрэлтэн яваа сайхан бүсгүйчүүдийг ч янз бүрийн хэлбэрээр гутаан доромжилж байв.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг бие барсных нь дараа ч цахим орчинд ямар цадиг замбараагүй, харлуулахыг бид харцгаасан. 

Ингэхэд хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар гэм буруутай байлаа ч тухайн хүнийг таних ч үгүй байж, муу муухайгийн жишээ болгоод зогсохгүй өөрийн стрессээ тайлах мешок болгон дураараа доромжилж, хүссэнээрээ нэр төрийг нь харлуулан гүтгэж, цахим орчинд дуу дуугаа авалцан бөөнөөрөө “булли”-дэж, нийгмийн амьдралд оролцоход нь хүртэл ялгаварлан гадуурхаж, цаашлаад сэтгэл санаа, бие, эрүүл мэндийн байдалд нь нөлөөлөхүйц "хүчирхийлэл" үйлдэж байгаа энэ харгис хандлагаа бид одоо зогсоох цаг нь болсон байх.

Хэдийгээр олон нийтийн сүлжээ өнөө цаг үеийн амьдралтай салшгүй холбоотой болсон ч дуугаа хураах ёстой газраа хурааж, зогсох газраа зогсож сурмаар байна. Ялангуяа, нас биенд хүрсэн томчууд минь. 

Энэ бол хүн болгонд хамаатай сэдэв. Олонд танигдсан, нэр алдартай хүмүүс л үүнд өртөөд байгаа ч юм биш. Өнөөдөр таны хүүхэд, ах дүү, ер нь гэр бүлийн чинь хүмүүс хаана, юу хийж явна вэ. Нийгмийн болоод сэтгэл зүйн ямар гэгчийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, үл ойлголцлыг даван туулахыг хичээж, тэсэж тэвчиж болох хил хязгаарынхаа эцсийн зогсоолын цэг дээрээс “халтирч” байгаа бол. Мөсөн уулын дөнгөж гуравны нэг нь л ил харагддаг ертөнцөд бүх зүйл зөвхөн таны сонсож, харж байгаа шиг байдаггүй.        

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IBC BANK(102.89.69.163) 2025 оны 05 сарын 09

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
IBC BANK(102.89.69.163) 2025 оны 05 сарын 09

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
Зочин(202.9.40.88) 2025 оны 05 сарын 09

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(139.5.217.193) 2025 оны 05 сарын 09

ANUSDI80955877BOOW XXNO

0  |  0
Од(66.181.161.124) 2025 оны 05 сарын 09

Болдогсон бол энэ муухай мэдээ тараагчдийг цөлөх сөөн

1  |  0
Close menu