“Номын баяр” 37 дахь удаагаа “Илүү их уншъя” гэсэн уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна. МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн номын зохиолч Ц.Энхтүвшинг “Өгөөний зочин”-оор урьж ярилцлаа.
-Танд “Номын баяр”-ын мэнд хүргэе. Энэ баярт хэд дэх удаагаа оролцож байна вэ.
-Баярын мэнд ээ. Яг талбай дээр бол магад 30 удаа гарсан. Түүнээс гадна аймгуудад бас их сайхан баяр болдог юм. Тэд биднийг урьдаг. Урьсан газар бүрт очиж баярладаг гээд бодохоор нэлээд тоо гарна байх.
-Оролцогчийн хувьд энэ жилийн номын баярын онцлог, дэвшлийг хэлээч?
-Жил жилийн баяр заавал нэг онцлогтой болдог. Гадаадын зохиолчид, хэвлэн нийтлэгчид олон оролцож байгаа байх.
-Та болон танай багийнхан бяцхан уншигчдад ямар бүтээлүүдтэй ирэв?
-Миний охин бас олон жил зохиол бүтээл туурвиж байна. Энэ жилийн тухайтад бид хувь зохиолч гэхээсээ илүүтэй паблишинг байгуулаад хамтраад ажиллаж байна. Манай паблишингийн хувьд шинээр найман ном хэвлүүллээ. Энэ бүхэнд шинэ ном ч байна, хуучин номуудаа дахин засаж сайжруулаад шинэчилсэн нь ч байна. Жишээ нь “Хайрын бөмбөлөг”, “Зоосон нүдэт ба бумеранг”, ”Араншин” зэрэг шинэ номууд байна.
-Хүүхдэд зориулж бүтээл хийдэг уран бүтээлчийн зүгээс бяцхан уншигчдынхаа багш нар, аав ээжүүдэд хэлэх, зөвлөх зүйл их байгаа даа?
-Нэг үеэ бодвол, одоо хүүхдүүд их уншиж байна. Томчууд, багш нарын үлгэр дуурайл маш их хэрэгтэй байна. Өөрөө утас маажаад сууж байж яаж хүүхдээ “Ном унш” гэж зөвлөх вэ. Багш нар ялангуяа бага ангийн багш нарын хичээл зүтгэл бас их чухал байгаа нь ажиглагддаг.
-Зохиолчдыг тэр дотор хүүхдийн зохиолчдыг төр бодлогоор дэмжээсэй гэж олон хүн хүсдэг. Дэмжлэг хэр байдаг юм бол?
-Тийм шүү. Бидний хүсэж буй дэмжлэг бол материаллаг дэмжлэг шүү дээ. Номуудыг нь хэвлэх, түгээхэд туслах хэрэгтэй. Хориод жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд байсан Ч.Куландагийн санаачилгаар бүх сумын номын санг номжуулсан томоохон төсөл хэрэгжиж байсан. Тэр мэт дэмжлэг их чухал. Шагнал урамшил бол хэн ч татгалздаггүй л байх. Манай хүүхдийн зохиолчдыг тэр тал дээр орхигдуулдаг гэж хардаг.
-Уншигчдын хэрэглээ, шаардлага жилээс жилд өндөр болж байна гэж ярьдаг. Танд юу анзаарагддаг вэ?
-Угаас нийгэм хувирч хувьсаж байхад уншигчдын шаардлага өндөр болох нь зүй. Харин хүүхдийн зохиол бүтээлийн тухайтад уншигчид гэхээсээ илүү тэдний эцэг эхийн сонголт бас учир дутагдалтай санагддаг. Хүүхэд өөрөө номоо хараад сонгож байхад өмнөөс нь эцэг эх нь үнэ асуугаад хүүхдээ хөтлөөд цаашлах бол энүүхэнд. Тэгээд сонсож байхад манай хүүхэд богинохон тексттэй, зураг ихтэй ном л уншина гээд зургаа, долоодугаар ангийн хүүхдэд хоёр, гуравдугаар ангийн хүүхдийн ном хараад зогсож байх жишээний.
-Сүүлийн үед хүүхдийн сайн бүтээл ховордсон. Сайн зохиолч, сайн бүтээлүүд гэвэл та хэний ямар бүтээлийг онцлох вэ?
-Үүнтэй харин санал нийлэхгүй. Одоо ном бичихгүй хүн, хэвлэхгүй компани бараг алга. Сонголтоо зөв хийвэл ном шиг их юм алга. Гэхдээ гадаадын орчуулга бүхий зарим ном зурагнаас цаашгүй байна. Монгол хүүхдийг эхний ээлжинд монгол ёс заншил, ахуйд нь ойртуулах хэрэгтэй. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн. О.Сундуй, Б.Нацагдорж Н.Мандал нарын мундагчуудаас гадна Э.Амарзаяа, Бат. Ганчимэг, Н.Уламбаяр, Найгалмаа нарын олон залуус сайн бичиж байна. Монгол айл бүрд байх ёстой нэг ном бол Ё.Далайжамцын “Монгол хүүхэд” гэж нэг номыг хэлнэ.
-“Номын баяр”-ыг улам боловсронгуй болгоход анхаарах, дутагдаж байгаа зүйлүүд гэвэл юу хэлэх бол?
-“Номын баяр”-ыг жинхэнэ утгаар нь хийхэд саад болж буй хэд хэдэн зүйл ажиглагддаг. Тухайлбал, хар зах аятай элдэв бараа новш заруулдаг явдлыг болих хэрэгтэй. Хувь зохиолчдод түрээсэлж буй асрын үнэ дээр ч бодолцох л хэрэгтэй. Мөн энэ баяр уншигч-зохиолчид уулзахын баяр гэж би ойлгодог. Гэтэл уншигчдадаа номынхоо үнийг хэлэхэд ч хүндрэлтэй, талбайгаар нэг хөгжим хашхируулдаг нь таалагддаггүй. Энэ бол өнгөц хэлэх зүйл. Өөр олон зүйл хэлж болохоор байвч ингээд дуусгая.
-Удахгүй сургууль амарна. Бяцхан уншигчдын зуны амралтаар унших 10 номыг нэрлээч гэвэл?
-Ном бол уншигчдын нас, сэтгэхүйд тохирсон байх ёстой. Нас насны онцлогоос хамаараад санал болгох ном ч өөр өөр шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )