ОЛОН ӨНГӨ I Цаг хугацаа бол хахууль үмхдэггүй цагдаа

2025 оны 05 сарын 25

Цаг хугацаа бол хахууль үмхдэггүй цагдаа юм. Цагаатгахаа цагаатгана, цаазлахаа цаазална. Цаглаварт захирагдан амьдардаг хүмүүн олон давааг давж олс дүүжилсэн орчлонгийн хүрдийг эргүүлнэ. Олбинтвол орвонгоор нь эргүүлнэ. Олиггүй явбал ороолонд хаяж өгнө. Орцгүй хоол гэж үгүйтэй адил огт гэмгүй явахад гэцэлд баригдахгүй гэрт хоригдохгүй. Гэм үүтгэж гэмтэн, өр үүсгэж өртөн болно. Өмч үгүй ч өт үгүй хүмүүн байхад өмчинд живсэн мөртөө өршөөл үгүй ялтан олон байх.

Оргүйгээс орчлон бүтэхгүй оньс хөлөгт бүтээгээд ч орог хорвоог сүйтгэх хүмүүн төрөлтөн хүч алдаж хүрд буруудаж эхэлсэн. Хүн зон ядрах, явдал мөр цөвтөх цаг дор цөм л тэвчиж тэргэл дүр эсгэвч тэвэр жаргал үгүй, тэтгэвэр амьдралд алагтай. Амь нас батгүй авилгач түшмэл арзалзаж байна. Аль юманд итгэхээ больсон ардууд амьсгаа чагнан хүлээвч арцат хөндий аниргүй, амгалан сэтгэл эмхгүй, анирдах чимээ аясгүй. Цаг хугацаа сайн муу үйлийн үрийн боловсролт үлэмж хэм алдахгүй өнөө гүйцэн ирж өршөөлийн хууль үгүй өнгөтийг яллаж сууна. Өттэй явсныг нь өрөвдөхгүй, өнгөтэй явсныг тал засахгүй өнөө буйг баринтагласан баталгаат хугацаандаа бас ч хатуу яллаж буйг бага их гэлтгүй мэдэрч л яваа бус уу. Байгалийн хуулийг зөрчигсдийг бат цайзад хорьж, хэдэн үеэр нь яллахаар хавтаст хэрэг нээгджээ.

Хараад байхад гэмгүйчүүдийг гэсгээгээд буй мэт харагдавч гэмтнүүдийг Гэсэрийн хуулиар шийтгэж, гэдэс алдахгүй буй мэт ажиглагдавч аман дээрээ алцан усан дээрээ улцан царайлуулж уйлах багадах үхэх ихдэх дээрээ яваа нь үгээр хэлүүлэлтгүй үнэн юм. Үйлийн үрийг өнөөх ламтан хуврагтан хэцтэнгүүдээр хуяглуулавч хувьсан өөрчлөгдөн дэлхийн аяс хулгайчдыг гэсгээх, худлыг мохоох эрин аяссан тул алтаар баавч авшигдахгүй мөнгөөр мөргөвч өршөөгдөхгүй болжээ. Мөрөө эргэн харж мөхөс явснаа санагалзах ч мөр бол цаг хугацааны тэнсээ, тайлбар илүүц баримт ажээ. Хүний хуулийг зөрчигсдөд хүрд эргүүлэх боломж хаагдаж, оршихуйн хуулийг огоорогсод олноороо омтойрон ор хоосон үлдэх үүдэн нээгдэв. Огт оргүйг бичиглэхгүй бөгөөд ороолон тийрэнгүүд ордноос хөөгдөж огуль биес ариунтангууд оройлон ирэх цаган эрхшээв гэж. Олноороо амаа ангайж аньсгаа чийглэхэд бэлтгээрэй. Баярын нулимс ч байж мэднэ.

Н.Дуламсүрэн

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu