АЙЛЧЛАЛ I Австрийн ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ

2025 оны 05 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийхээр өчигдөр (2025.05.25) хүрэлцэн ирлээ.

Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.
 


Өдгөө 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогджээ.

Монгол Улс, Австри Улстай 1963 оны долоодугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Хоёр улсын худалдааны эргэлтийг авч үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.

Австри улсад 2600 гаруй монгол хүн оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим монгол оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад зургаан оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байгаа ажээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.

Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер энэ тавдугаар сарын 18-28-нд Монголд зочилж, манай уран бүтээлчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд “Сонгодог үдэш” тоглолтыг УДБЭТ-д толилуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu