ОЛОН ӨНГӨ I Ам ямар байна, амьдрал тийм

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Амьдралаа чи өөрөө л бүтээдэг. Яаж тэр вэ гэж үү, амаараа, үгээрээ зурчихдаг юм. Аав ээжүүд хэлдэг дээ, “Ам юугаар дүүрнэ, амьдрал түүгээр дүүрнэ” гэж. Алив бүхэн тэр л дагуу биежнэ, амьдрал чинь тэгж л бүтээгдэнэ.

Сайхныг мөрөөдөж, сайныг ярьж явбал тэр л сайнтайгаа учирна. Сөрөг мууг бодож, яана, ийнэ гээд явбал тэр лугаа тулна. Ингэж хэлсэн хүмүүст эхэндээ итгэдэггүй байлаа. Эцэст нь үнэнийг мэдэрч, бүр торго дурданг хурууныхаа өндгөөр имэрч үзэх мэт болж биеэр туулаад дуусахыг амьдрал гэдэг ажээ. Гэхдээ эцэст нь тултал явж байж мэдрэх биш эхнээс нь судалж, хэрэгжүүлж, туршиж, үр дүнг нь үзвэл сайн сан. Ганцхан жишээ хэлье, урд хөршид аялал жуулчлал хөгжүүлээгүй нэг ч муж, бүс нутаг алга. Далай тэнгис, нуур цөөрөм, уул хад бүгдийг хүн үзэж харах, аялах, амрах тав тухыг гойд сайхнаар бүрдүүлжээ. Хуучирч муудвал дор нь засаж сэлбэж, энд эрт цагт ийм домог түүхтэй байсан гээд сайн сайхан билэг ерөөлийг дэлгэрүүлэх. Нэг хөшөө байхад гарт нь хүрвэл уран болох, хөлд нь хүрвэл хол явж сайхан газар хүргэнэ гэж итгүүлэх.Тэр болгоноор үүдээ нээж, үзсэн, сонссон бүхэн түүнд татагдаж, зоос мөнгөний урсгал бий болох. Энэ хэрээр хөгжиж, дэвжиж байдаг ажээ.

Хүний амнаас гарсан болгон биелдэг, байгалийн хууль тийм. Бид энергийн ийм таталцал дунд оршдог. Сайныг урин залбал сайныг дуудаж байдаг ажээ.

“Үгээ цэнэ, бодлоо цэгнэ” гэдэг их учиртай үг. Орчин үед ийм зөвлөгөө өгдөг көүч багш нар олон болж, зөв дадал хэвшил суулгах ном сурах бичиг хүртэл гарчээ. Өөртэйгөө тулж ажилладаг, өөрийн бодол санааг зөв удирддаг, өөрийгөө эерэг бүхнээр цэнэглэдэг хүн байгаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu