Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн цүнх, бөгжний асуудлыг бүлэглэлүүдийн зүгээс улс төр рүү чирч оруулан өндөр авахуулж, жагсаал цуглаанд хүргэж, эцэстээ засаг огцруулах хэмжээнд тулгав. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого, шийдвэрүүд орд газрыг хувьдаа авчихсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн дургүйг хүргэж ирсэн. Өөрийг нь онилоод юм олдохгүй тул хүүг нь улс төрийн “бай” болгон отож өнөөдрийн асуудлуудыг дэлгэхэд хүрсэн биз. Хүү нь төрийн албан тушаалтан биш ч эцгийг нь шалгах, улмаар олон нийтийн шахалт шаардлага нэрээр халхавчлан жагсаалаар сүрдүүлэх хамтарсан Засгийг задлах гэсэн ийм л үйл явц улс төрд өрнөж байна. Өрнөх ч биш эхнээсээ үр дүнд хүрээд, МАН-ын Бага хурал хуралдсан.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас Хамтарсан Засгийн газарт эсвэл Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төслийг УИХ-д оруулахаар тогтжээ. Ингэснээр Хууль тогтоох дээд байгууллага УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр болж байна.
АН-гүй бол МАН байхгүй, МАН үгүй бол АН ч бас үгүй...
Энэ хүртэл Монголын төр эзэнгүй мэт, монопол компаниуд шатахууны үнэ нэмэх зэргээр дураараа дургиж, юм юм л боллоо. Асуудалд шийдэл хайж, хөшигний ард улс төрийн намууд багагүй бужигнав. Хамгийн гол нь МАН-ын Бага хурлаас Хамтарсан Засгийн газрыг задлах, АН-д хариуцлага тооцож, засгаас гаргах шийдвэр гарсанд гол учир байв. Сонгуульд олонх болсон дангаараа явахад юу болохгүй гэж олонхиор хөөрсөн МАН-ын Бага хурлын шийдвэр гэвч маргааш нь хад мөргөсөн гэхэд болно. Хамтарсан Засгийн газар байхгүй бол том төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй гэдэг дээр улс төрийн намууд, УИХ-ын гишүүд бараг л бүгдээрээ санал нэгдчихсэн.
Парламентад 40 гаруй суудалтай АН сөрөг хүчний байр сууриас оролцоно. ХҮН намынхан ч сөрөг байр сууриас тэмцэл хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Дараагийн Засгийн газар байтугай УИХ үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байхаар улс төрийн “хар зураг” гарсан. Нэг үгээр хэлбэл, оршихуйгаа огоорвол юу болохыг МАН-ынхан олж харав. Энэ нь хэрэв АН байхгүй бол МАН байхгүй. МАН байхгүй бол АН бас байхгүй. Нөгөө талаар, том амлалт, том төслүүдээ хөдөлгөж чадвал засагт хамтарсан гурван намд гурвууланд нь нэмэх оноо цуглана. Мөн байнга хөгжлийг гацааж, эсэргүү байр сууриас улс төрд оролцож ирсэн АН-д хамтраад том төслүүдийг үр дүнд хүргэснээр эерэг имиж бүрдэх ийм л ирээдүйг бий болгоод байсан юм. Харин нөгөө хоёроо жийгээд МАН ганцаараа засгаа байгуулаад явах тохиолдолд олон талаар “мад” тавиулах учир хасах оноо зөвхөн МАН-д ирээд зогсохгүй, дараалсан сонгуулиудад ч улс төрөөс арчигдах ийм л төлөв байдал үүссэн хэрэг.
Иргэд: Хамтарсан Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх ёстой
Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, УИХ дахь тэдний “төлөөлөгчид”, түүнчлэн төлбөр авч жагссан хэсэг бүлэг хүн л Л.Оюун-Эрдэнийг огцруулъя, Засгийг унагаая гэсэн шаардлага тавьж жагссан болохоос иргэдийн олонх нь Хамтарсан Засгийн газрыг ажулаа үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж буй. Тэрийгээ ч хэлж байгаа юм. Ингэх үндэслэл нь Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн бодит ажлууд үр дүнд хүрч, иргэдийн итгэлийг хүлээж буйнх. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийг 2050 он хүртэл төлөвлөсөн, Ковидын сорилтыг амжилттай давсан, Эдийн засгийг сэргээх 10 их наяд төлөвлөгөө баталж хэрэгжүүлж байгаа, Шинэ сэргэлтийн бодлого гаргасан, Боомтын сэргэлтийг амжилттай хэрэгжүүлж яваа, Эрчим хүчний сэргэлт реформ болж өргөжүүлсэн, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон сууцны "хямд" зээлийг бий болгосон, Цахим үндэстэн хөтөлбөр хэрэгжүүлсэн, “Эрдэнэтийн 49", Хөгжлийн банкны луйвар, Нүүрсний хулгайг зогсоож, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, экспортыг нэмэгдүүлсэн. Тусгай сангуудыг "нээж", Дубайн гэрээг цуцалсан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Авлигатай тэмцэх 5ш ажиллагаагаар гадаадад бүгсэн гэмт этгээд “шувуу”-нуудыг барьж авчирсан. Нэг хүнд ногдох ДНБ-ийг гурван жил дараалан 1000 доллараар нэмэгдүүлсэн, Баялгийн санд тулгуурласан дундаж давхаргыг дэмжих тогтолцоог бий болгосон. Цалин, тэтгэврийг 40-80 хувиар нэмсэн. 1.4 сая иргэнээ эрт илрүүлэгт хамруулсан. Цэцэрлэгийн сугалааг халж, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгосон. Хагас сая жуулчин хүлээж авч 1.2 тэрбум ам.долларын орлого олсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ба тогтолцооны реформыг явуулсан. Агаарын харилцааг өргөжүүлж, “Мянганы зам”-ыг дуусгасан. 14 мега төсөл дэвшүүлж, түүнээс Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг таван төслийг хөдөлгөсөн. Олон жил гацсан ураны төслийг урагшлуулж, Бүсчилсэн хөгжлийн реформыг хийж, Хорин минутын хот төлөвлөлтийг шийдсэн. Цар тахал, геополитикийн эгзэгтэй үед гадаад харилцааны амжилттай бодлого хэрэгжүүлсэн гээд олон ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж, хэрэгжүүлжээ. Иймд дараагийн удаад хэн ч Ерөнхий сайд болсон, ямар ч Засгийн газар байгуулагдсан нийгэм энэ бүхнийг нэхнэ. Иймд иргэд “Хамтарсан Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх ёстой” гээд байгаа юм.
Цаашид яах вэ?
Цаашилбал хэн аж үйлдвэрийн парк болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах юм бэ. Монгол Улсын ДНБ-ийг 100 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх, иргэдийнхээ цалинг 3000 ам.долларт хүргэх асуудлыг хэн шийдэх вэ. Хэн ард түмний нуруун дээрхи дааж давшгүй татварыг бууруулах юм бэ. Хэн яамд, төрийн албан хаагчдын тоог цөөлөх вэ. Монголын хүн амын 33.0 хувийг эзэлсэн ядуучуудыг хэн ядуурлаас гаргах юм бэ. Олигархиудын хууль бусаар булаан авсан стратегийн ордууд,хууль бусаар олсон олон тэрбум долларын хөрөнгийг хэн хураах юм бэ. Хэн баялгийн санг баяжуулж,ард түмнээ баян чинээлэг болгох юм бэ. Олигархиудын хамаг том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож хаацайлдаг Шүүх засаглалыг хэн шударга болгох юм бэ. Хэн Засгийн газрын хорин санг хоосолж тоносон хулгайчдыг шийтгэх юм. 14 мега төслийг хэн хэрэгжүүлэх юм. Аж үйлдвэржилтийг хэн хийх юм бэ. 30 жил элгээрээ хэвтсэн эдийн засгийг хэн сайжруулах юм бэ гээд маш олон асуулт тавигдана. Ард түмэн энэ бүхнийг нэхнэ. Эдгээр асуултын хариуг нэг ёсондоо УИХ шийдэхээр болж байна.
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 0 )