Тавантолгой ордын хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх тухай ярьж эхлэхтэй зэрэгцэн брокер, дилерийн компаниудын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Одоо манай улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 51 компани байгаа хэмээх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгч байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бололтой. Учир нь тус хорооноос зохион байгуулдаг брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалтад одоогийн байдлаар 100 гаруй хүн суралцаж байгаа аж.
Түүнчлэн дөрөвдүгээр сард эхлэх дараагийн ээлжийн сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс ч аль хэдийнэ бүртгүүлчихсэн байгаа гэдгийг энд онцолъё. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах компаниудын тоо цаашид нэмэгдэнэ гэж ойлгоход нэг их буруудахгүй аж.
Дашрамд дурьдахад, сургалтад хамрагдахын тулд тухайн хүн 250 мянган төгрөг төлдөг бөгөөд сургалт хоёр долоо хоног үргэлжилдэг юм байна. Брокер, дилерийн компаниуд данс нээхэд нэг иргэнээс таван мянган төгрөг, аж ахуйн нэгжээс 50 мянган төгрөгийн хураамж авна. Тэгэхээр хоёр сая гаруй хүнд данс нээнэ гэж тооцвол үйл ажиллагааныхаа зардлыг хассан ч багагүй ашигтай ажиллах нь тодорхой.
Холбогдох байгууллагуудаас уг хураамжийн хэмжээг бууруулах, тэглэх асуудлыг хэлэлцсэн ч хэвээр үлдээх шийдвэрийг гаргаад байгаа аж. Хамгийн гол нь одоо байгаа 51, цаашид үйл ажиллагаагаа эхлүүлэх компаниудаас алиныг нь сонгон үйлчлүүлэх вэ гэдэг сонголт иргэдийн дунд үлдсэн.
Сүүлийн үед "Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж үнэт цаасны арилжаа хийдэг брокер, дилерийн компаниудыг шалгасан. Шалгалтын явцад хэд, хэдэн компани иргэдийг луйвардаж, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсныг илрүүлсэн" гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна. Үүнээс үүдээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үеэр одоо үйл ажиллагаа явуулж буй брокер, дилерийн компаниудын алинд нь итгэх вэ гэдэг асуулт гарч ирээд байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн компаниас зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарч байна. Ямар зөрчил илэрсэн бэ?
-Шалгалтаар Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг "Мөнхөд" компани 330 хүний, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Инвест" компани 60 гаруй хүний хувьцааг ямар нэгэн бичиг баримтгүйгээр борлуулсан нь тогтоогдсон. Гэхдээ дээр нэр дурьдсан газрууд иргэдийн хувьцааг 2006 оноос өмнө борлуулсан байгаа юм. Одоогийн ханшаар тооцож үзэх юм бол маш их хэмжээний хохирол учруулсан. Эдгээр компанитай холбогдох бичиг баримт, нотолгоо зэргийг бүрдүүлээд Улсын мөрдөн байцаах газарт хүлээлгэн өгсөн. Тус байгууллагаас шалгасны үндсэн дээр зохих арга хэмжээг авах байх. Түүнчлэн "Ажнай Инвест" компанийг ч шалгаж байгаа.
-Үүнийг нь одоо л мэдэж байгаа хэрэг үү?
-Холбогдох газруудаас брокер, дилерийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад хяналт, шалгалт хийдэг. Гэхдээ бичиг, баримтуудтай нь танилцаад иргэний хувьцааг дур мэдэн борлуулсан байна гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Харин иргэдийн зүгээс өөрийн хувьцаатай холбоотой асуудлаар шалгуулахыг хүссэн тохиолдолд шалгадаг. Одоо л гэхэд 113 мянган хүн хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө дансаа нээлгээгүй явж байна. Магадгүй өөрөө ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэг гэдгээ ч мэдэхгүй байж болох юм.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үед ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу?
-Ийм эмзэглэл иргэдийн дунд байгаа. Гэхдээ одоо тийм асуудал гарах эрсдэл хомс болсон. Эрсдэл бага гэж ойлгож болно. Өмнө нь брокер, дилерийн компани хувьцаа арилжихад бэлэн мөнгөтэй харьцдаг байсан бол одоо банкны дансаар гүйлгээ хийдэг болсон. Хамгийн гол нь иргэд өөрийн хувьцаандаа хяналт тавих хэрэгтэй. Хувьцааны данс нээлгэхийнхээ өмнө Санхүүгийн зохицуулах хороон дээр ирээд тухайн компанийн санхүүгийн тайлан, хэдэн жил үйл ажиллагаа явуулсан, хэдэн хүнтэй зэрэг холбогдох мэдээллийг авах эрх иргэдэд нээлттэй байгаа. Тиймээс хувьцааны данс нээлгэх тохиромжтой үедээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн сайн компанид хандах хэрэгтэй.
-Тэгвэл иргэд хувьцааныхаа дансыг хэзээ нээлгэх нь зүйтэй юм бэ?
-Яарах шаардлагагүй гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд олгохдоо эхний ээлжинд зарах, арилжаанд оролцох боломжийг нь хязгаарлана гэж байгаа шүү дээ. Тиймээс хувьцааг тухайн хүний өөрийн өмчлөлд шилжүүлсэн, арилжаанд орох боломжтой үед данс нээлгэх хэрэгтэй. Нэг ёсондоо үүнээс өмнө дансаа нээлгээгүй байна гэдэг нь хувьцаагаа ямар нэгэн эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. Түүнээс өмнө маргааш ч дампуурч мэдэх компанид данс нээлгэх шаардлагагүй.
-Та сая "Маргааш ч дампуурч мэдэх" хэмээн онцоллоо. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд үйл ажиллагаа нь доголдож байгаа компани байгаа юу?
-Одоо тийм компани байхгүй.
Т.Урангэрэл
Сэтгэгдэл ( 0 )