Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон тус яамны холбогдох албан тушаалтнууд Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцлаа.
Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Тус компани “Атрын IV аян”-ы хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар "Бүтлийн Ундарга" ХХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат механикжуулагч Л.Батсүхэд торгон болон баталгаажсан үр үйлдвэрлэгчийн гэрчилгээг 2024 онд гардуулсан билээ.

Тус компани улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.
Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.
Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )