Супер хиймэл оюун ба сар: Шинэ онд биднийг хүлээж буй шинжлэх ухааны үсрэлтүүд

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Шинэ он шинжлэх ухааны хувьд баялаг он болно гэж амлаж байна. Nature сэтгүүл энэ онд хүн төрөлтний анхаарлыг татах шинжлэх ухааны салбарын томоохон үйл явдал болон төслүүдийг нэрлэсэн байна. Хиймэл оюун ухааны хөгжлөөс авхуулаад сансар судлал болон далайн гүнийн өрөмдлөг зэрэг ойрын жилүүдийн судалгаа, технологид томоохон нөлөө үзүүлэх хэд хэдэн мега төсөл биднийг хүлээж байна.

Хиймэл оюун шинжлэх ухааны хэрэгсэл болж байна

Хиймэл оюун ухааны салбар дахь судалгаанууд өнгөрсөн 2025 онд томоохон үсрэлт гаргасан ба энэ онд ч эл эрчээ алдахгүй. Шинэ он хиймэл оюун ухааны тусламжтай нээсэн анхны томоохон нээлтүүдийг бидэнд бэлэглэнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Гэсэн хэдий ч ийм системийн ашиглалт эрсдэл дагуулдаг. Мэдээлэл алдагдсан, үйл ажиллагаа нь тасалдсан тохиолдлууд гарсаар байгаа. Үүнтэй зэрэгцэн хиймэл оюун ухааны эвсээрхэн загварууд боловсруулагдаж байгаа бөгөөд эдгээр модель нь хязгаарлагдмал мэдээллийн хэмжээнд ажиллах, текст боловсруулахын оронд тодорхой логик даалгавраар мэргэших чадвартай байна. Ийм бичил загваруудын нэг нь өнгөрсөн онд логик текстүүдийн нарийвчлалаар хэлний томоохон системүүдийг  тэргүүлсэн билээ.

Гений эмчилгээний үсрэлт

2026 онд тухайн өвчтөнд тусгайлан зориулсан гений эмчилгээний хоёр ч эмнэлзүйн судалгаа эхэлнэ. Эл эмчилгээ нь гений ховор эмгэгтэй хүүхдүүдэд чиглэсэн.

Судлаачдын багууд долоон гол генд нөлөөлдөг мутацыг засахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн ижил эмчилгээний технологийг дархлааны эмгэгт туршихаар төлөвлөж байна.

Эдгээр судалгаа нь хувь өвчтөнд тусгайлан зориулсан анагаах ухааны чиглэлд хийж буй чухал алхам болно гэж эрдэмтэд найдаж байна.

Хорт хавдрын оношилгооны шинэ хандлага

Их Британи энэ онд шинж тэмдэг илрэхээс өмнө 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээний эмнэлзүйн туршилтын үр дүнг танилцуулна. Туршилтад 140 мянга гаруй хүн хамрагджээ. Энэхүү аргачлал нь хорт хавдрын эсийн ДНХ-г задлан шинжилж, хорт хавдрын эх үүсвэрийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжийг нээж байна.

Үүнтэй зэрэгцэн эмнэлзүйн туршилт явуулах хэм хэмжээг хялбаршуулсан өөрчлөлтүүд мөрдөгдөж эхэлнэ. Үүнээс хойш судлаачид нэгэн зэрэг хэд хэдэн төөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авах боломжтой болж байгаа бөгөөд судалгааны үр дүнг туршилт дууссаны дараа нэг жилийн дотор нийтлэх үүрэг хүлээж байна. Зорилго нь эмчилгээний ирээдүйтэй аргыг нэвтрүүлэх явцыг түргэтгэх, хүн амын янз бүрийн бүлгийг эмнэлзүйн туршилтад өргөнөөр хамруулах боломжийг нээх явдал юм.

Сансар судлал: Сар, Ангараг ба Нар

Сансар судлал эрчимтэй хөгжсөөр. НАСА агентлагийн “Artemis II” төслийн хүрээнд дөрвөн сансрын нисэгч Orion хөлгөөр сарыг тойрно. Эл нислэг ирээдүйд саран дээр буух үндэс суурийг бэлтгэх юм. Хятадын “Чанье-7” төсөл сарны өмнө туйл орчмын мөс, газар хөдлөлтийн идэвхжилийг судлах зорилготой. Харин Энэтхэгийн Aditya-L1 хөлөг Нарыг идэвхжилийнх нь оргил үед ажиглах даалгавартай.

Японы Ангараг гараг судлалын MMX хөлөг Улаан нүдэн гарагийн дагуулууд болох Фобос ба Демосын хөрсний дээжийг Дэлхийд авчирна. Европын сансар судлалын агентлаг 26 камер бүхий PLATO хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Эл төсөл сансар огторгуйд Дэлхийтэй ойроцоо нөхцөл, орчинтой гарагсыг хайх даалгавартай.

Эдгээр төсөл сансар огторгуйд амьдрал орших магадлалыг үнэлэх, сансрын уудмыг судлах шинэ боломжуудыг нээх юм.

Далайн гүнийн өрөмдлөг ба эгэл бөөмсийн физик

Хятадын Мэн Сян өрөмдлөгийн хөлөг онгоц Дэлхийн царцдас болон мантийг нэвт өрөмдөж, 11 км гүнд хүрэх зорилгоор далайн ёроол руу аялахаар зэхэж байна. Эдгээр дээж нь далайн ёроол бүрэлдсэн явц болон газар хөдлөлтийн идэвхжилийг ойлгоход тус болох юм.

Эгэл бөөмсийн физикт шинэ бөөмсийг илрүүлэх чадвартай өндөр гэрэлтэх чадвартай Аварга Хадрон Мөргөлдүүлэгч ( High-Luminosity LHC Large Hadron Collider)-г бүтээх цуврал туршилтууд дуусна.

2026 он шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт, инновац авчирсан он болно гэсэн хүлээлтийг дэлхийн эрдэмтэд тээж, байгаль болон технологийн талаарх бидний ойлголтыг өөрчлөх чадвартай томоохон үр дүнд хүрэхээр бэлтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top