Н.Сэлэнгэ Ази тивийг төлөөлөн "ҮЗҮҮЛЭХ АВИРАЛТ"-д сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Швейцарийн Саас Фээд хотноо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээний араас үргэлжлүүлэн энэ сарын 24-нд мөсөнд авиралтын Хурдны төрлийн үзүүлэх авиралтыг зохион байгууллаа. 

Олон Улсын олимпын хороо (ОУОХ)-ны төлөөлөгчид Мөсөнд авиралтын хурдны төрлийн энэхүү үзүүлэх авиралтыг тусгайлан үзэж, сонирхсон бөгөөд мөсөнд авиралтын Хурдны төрөлд Ази болон Европ тивээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг сонгон оролцуулсны дотор Монгол Улсын тамирчин, "Дэлхийн цом"-ын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Н.Сэлэнгэ багтлаа. 

Сонгогдсон тамирчид тус бүр хоёр удаа үзүүлэх авиралт хийж, цагтай уралдах форматын дагуу тус ханан дээр өмнөх бүх цаг үед тогтоосон рекорд амжилт (эрэгтэй,эмэгтэй)-ыг шинэчилсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгох болзол тавьжээ. 


АЗИ тивийг төлөөлсөн тамирчид:
 

  • Мохсен Бехешти (Иран)
  • Н.Сэлэнгэ (Монгол) 


ЕВРОП тивийг төлөөлсөн тамирчид:
 

  • Флориан Гартнер (Лихтенштейн)
  • Лорена Бек (Лихтенштейн) 
     




Эдгээр дөрвөн тамирчин хэдхэн хоногийн өмнө Саас Фээдэд болсон мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээний аваргууд юм. 

ОУХМ Н.Сэлэнгэ Хурдны төрлийн шигшээд үзүүлсэн 11.29 секундын амжилтаа үзүүлэх авиралтын үеэр давтжээ.

"Дэлхийн цом"-ын мөсөн хананд болсон энэхүү сорил, үзүүлэх авиралтыг мөсөнд авиралтын төрлийг өвлийн олимпын наадамд багтаах зорилгод түлхэц болсон үйл явдал гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Ази тивийг болон Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шилдэг мэргэжилтэн, тамирчдын өмнө үзүүлэх авиралтад сонгогдон, амжилттай оролцсон ОУХМ Н.Сэлэнгэд баяр хүргэе. Швейцарийн Саас Фээг зорьсон хэрэг бүтлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top