Өмнөговьчууд Цагаандэл уул боомтын асуудлыг сөхлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжлав. 

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ тухайд “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон УИХ хууль баталж, шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан Ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэсэн тайлбар өгсөн юм.

Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан, газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв. 

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top