Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ.
Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талбайд нийт 59 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилтан 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэл барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, туршилтын лабораторийн зориулалттай барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, урьдчилан бэлтгэх дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилтийн ажил бүрэн дуусч, инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байна. Энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байгаа бөгөөд уг чиглэлийн ажлын гүйцэтгэл одоогоор 65 хувьтай байна.
Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Туулын хурдны зам төсөл нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой. Төслийн хүрээнд нийт 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, 5 байршилд нүхэн гарц тус тус барихаар төлөвлөөд байна. Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсгийг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Нийт 32 километр урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.

Сэтгэгдэл ( 0 )