Австралийн санхүүгийн шинжилгээний “AFR” сэтгүүл Эпштейний ил болсон баримтуудад Монгол Улс, Рио Тинто тэр дундаа Оюутолгой төсөлтэй байгуулсан гэрээтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж нийтэлжээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.
Жеффри Эпштейн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй Оюутолгой төслийг хөдөлгөхөд голлох нөлөөтэй зургаан зөвлөхийн нэг байжээ. Тэдний дунд Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд ч байж. АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн олон тооны цахим шууданд дурдсанаар 2014 онд болсон зөвлөхүүдийн уулзалтын үеэр Кевин Радд төслийг гацаанаас гаргахын тулд “хатуу бодлого” баримталж болно гэсэн байр суурь ч илэрхийлж байсан байна.
Эпштейн нь хамгийн баян, нөлөө бүхий хүмүүстэй харилцаатай, зарим асуудлаар манлайлагч байсныг өгүүлдэг. Гэхдээ тэр хүүхдийн наймаа, бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутгагдаж, 2019 онд шоронд амьсгал хураасан.
Цахим шуудангаас харвал Эпштейн нь Монголд нөлөө үзүүлэх хэмжээний нэгэн байжээ. Үүнийг илтгэх нэг зүйл нь 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оройн зоог барьж, Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдлын тухай ярилцаж, гаднын зөвлөх болох санал тавьсан аж. Тухайн үеийн Монгол Улсын эдийн засаг амаргүй, хүнд байсан. Тус улсын хамгийн том төсөл болох “Оюутолгой”-н зэсийн уурхайг өргөжүүлэх талаар Рио Тинтотой үүсгэсэн маргаан нь гаднын бусад хөрөнгө оруулагчдыг үргээсэн юм.
Жеффри Эпштейн 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оройн зоог барьжээ. Энэ үеэр Эппштейнийг гаднын зөвлөх болгох санал тавьж байсан аж.
Эпштейн 2014 оны нэгдүгээр сард Ц.Элбэгдоржтой дахин уулзсан. Уулзахдаа Кевин Радд, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Норвегийн Ерөнхий сайд асан Кьелл Бондевик, АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс нарын хамтаар уулзжээ. Эдгээр хүмүүс дундаас Монголд хийх төсөл, хамтын ажиллагааны талаар Эпштейн, Саммерс нар тогтмол харилцаатай байсан нь харагддаг. Саммерс Дэлхийн банкны шугамаар Монголд айлчлах урилга хүлээн авахдаа “Бид үнэхээр үүнийг хийх шаардлага байна уу” гэж и-мейлээр асууж байжээ. Дээр дурдсан уулзалтын үеэр Саммерсын хувьд Ц.Элбэгдоржид Монгол Улсад хөрөнгө оруулах нь гаднын бизнесүүдэд өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж, Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтотой хэлэлцээ хийвэл зээлийн бодит өгөөж буурах ч магадлалтай байгааг хэлж байв. Яг энэ үетэй Рио Тинто компани гүний уурхайн өргөтгөлөө түр зогсоосон нь давхацдаг. Монгол Улсын талаас хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх хүсэлтэй улстөрчид ч байсан юм.
Эпштейн 2014 оны нэгдүгээр сард Ц.Элбэгдоржтой дахин уулзсан. Уулзахдаа Кевин Радд, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Норвегийн Ерөнхий сайд асан Кьелл Бондевик, АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс нарын хамтаар уулзжээ.
Эпштейний хураагдсан цахим шуудан харилцаан дунд дээрх уулзалтад Саммерс эцэст нь хэлэхдээ “Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хооронд Оюутолгой уурхайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Одоо байгаа гэрээнд тулгуурлан Монголын тал олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой” гэж байжээ.
Австралийн Ерөнхий сайд асан Кевин Раддын тухайд Рио Тинто хатуу бодлого баримталж болох ч Монгол Улс гэрээгээ зөрчихгүй байх нь нэн тэргүүний үүрэг гэдгийг тодотгов. Кевин Радд уулзалтын үеэр хэлэхдээ “Улс орныхоо олон улс дахь нэр хүнд, гаднын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд гэрээг хүндэтгэх нь чухал. Үндэстэн дамнасан томоохон уул уурхайн компаниуд хатуу бодлого баримталдаг. Гэхдээ хууль тогтоомж нь ч чанга байх ёстой” гэсэн байна.
Улс орныхоо олон улс дахь нэр хүнд, гаднын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд гэрээг хүндэтгэх нь чухал.
Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд
Бид энэ асуудлаар Рио Тинтогоос асуулт авсан боловч Эпштейнийг хэзээ ч лобби бүлэгт авч байгаагүй, ямар нэгэн харилцаа холбоогүй гэж мэдэгдсэн юм. Кевин Радд ч мөн Эпштейнтэй холбоогүй байсан гэж мэдэгддэг. Гэвч Раддын хэлсэн нь “The Sydney Morning Herald” сонинд ил болсон захидлаар үгүйсгэгддэг юм. Тус сонинд нийтлэхдээ Кевин Радд 2015 оны есдүгээр сард Монгол Улсад очихдоо “эхнэр, хүүхдээ дагуулж явж болох” эсэхийг асуусан байдаг. Раддын хэвлэлийн албаныхан тус уулзалт нь “Олон улсын энх тайвны хүрээлэнтэй холбоотой байсан бөгөөд энэ хүрээлэнгийн шугамаар уулзах байсан, гэвч ямар нэгэн шалтгаанаар уулзаагүй. Уулзалт түүнгүйгээр болсон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.
Эх сурвалж: AFR

Сэтгэгдэл ( 0 )