ОЛОН УЛСАД I АНУ, Израилиас Иранд цохилт өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Израиль улс өнөөдөр Ираны эсрэг урьдчилан сэргийлэх дайралт гэх арга хэмжээг авч, Тегераны зүүн болон хойд хэсэгт гурван ч удаа дэлбэрэлт боллоо. 

Израиль даяар онц байдал зарласныг тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Иранд өгсөн Израилийн цохилтыг АНУ зохион байгуулсан гэж эх сурвалжууд мэдээлж буй бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  үүнийг баталж, мэдэгдэл хийлээ. Тэрбээр цахим хуудсандаа бичлэг оруулж, "АНУ Иранд томоохон байлдааны ажиллагааг эхлүүллээ" гэж мэдэгджээ. Одоогоор Израиль, Иран улсууд аль аль нь агаарын орон зайгаа хаагаад байна.

Ираны талаас Израилийн газар нутгийг чиглэж хариу пуужин хөөргөсөн болохыг тогтоосон гэж Израилийн Батлан хамгаалах хүчин саяхан мэдэгдсэн. Түүнчлэн Бахрейнд байрлах АНУ-ын Тэнгисийн цэргийн V флотын төв цохилтод өртсөн талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлээд байна. Цохилт болохын өмнөхөн Ираны Гадаад хэргийн яам "Эх орноо хамгаалах цаг ирсэн" хэмээн мэдэгдсэн байна.

Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүйг Монголын Гадаад харилцааны яам мэдээллээ.

Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна.

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна.

Үүнд:
 

  • Израил-40
  • АНЭУ-80
  • Египет-45
  • Кувейт-38
  • Саудын Араб-23
  • Йордан-1
  • Оман-2
  • Бахрейн-33
  • Катар-19


Манай улсын Гадаад харилцааны яамнаас тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
 

ИЗРАИЛ, ИРАН УЛС БОЛОН ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛОН ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
 

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутагт зорчихгүй байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. 

Тухайн бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
 

  • Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
     
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
     
  • Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
     
  • Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
     
  • Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top