МАН-ын Бага хурлыг ням гарагт ТОВЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өчигдөр (2026.03.27) хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжсэн. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцоогүй бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн байр суурийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан байна. 

Ардчилсан намын зүгээс эрх баригч намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй, парламентат ёсыг алдагдуулж байна гэж үзэн УИХ-ын чуулганд оролцохгүй бойкотт зарласан юм. Улмаар үүнээс үүдэн Ардын намын бүлэг өчигдөр хуралдан Н.Учралыг Ерөнхий сайд болгох эсэх асуудлыг хэлэлцсэн. Үүнээс улбаалж өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдан, уг хуралд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж, санал хураалтад нийт 19 гишүүн оролцож 84.2% саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. 

Дараалал ёсоор УИХ мөн энэхүү асуудлыг хэлэлцэж, Г.Занданшатарыг чөлөөлөхийг дэмжсэн байна. 

Маргааш буюу ням гарагийн 10:00 цагаас  МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top