Монгол төр өнөөдөр эзгүй байна. УИХ нь спикергүй, Засгийн газар нь сайдгүй хоёр хонолоо. Намын зодоон нь институцийн хямрал болох дээрээ тулсан энэ эмгэнэлт явдлын гэрч нь та бид болчихлоо. Төсвийн хүрээний мэдэгдэл хүргэх хуулийн хугацаа нь тулчихаад байхад л сандал суудлын хэрүүлээ шийдэж чадсангүй. Шинээр томилогдсон Ерөнхий сайд геополитикийн хурцадмал байдлын энэ үед хурдтай, эрч хүчтэй ажиллана гэсэн таг. Гэтэл өөрөө томилогдоод тав хоночихоод байдаг. Цаг хугацаа үнэтэй гэсэн яав...
Нэг хэсэг ковидоор айлгаж, уйлан дуугарсан Ардын намынхан Ираны дайн гэж гоншгонох болсон. Хуучин сайдаа үдэж, шинэ сайдаа угтахдаа Ираны дайн бараг амны уншлага болсондоо. Гэтэл сандал суудлын хэрүүл ордон сүлэлдэн гороолж ахуйд дэлхийн зах зээлд газрын тосны ханш унаж эхэллээ. Ялангуяа брент маркийн газрын тосны ханш дөрөв гаруй хувиар суларч, баррель нь 100 ам.доллароос доош орлоо. Харин WTI төрлийн газрын тосны ханш ч суларч, баррель нь 97 ам.долларт хэлбэлзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын 2-3 долоо хоногтоо Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа эцэслэнэ гэж мэдэгдсэн нь ийнхүү зах зээлд дохио өгчээ.
Манайхан дарга нараа тодруулах гэсээр байтал зах зээл ажлаа хийлээ. Одоо МАН-ыхан юу хийхэв. Мэдээж хэрэг дайн, геополитикийн хурцадмал байдал гэж нэг хэсэг уйлан дуугарна. Орос “ах нараа” тойголж байж, газрын тосны нөөцөө нэмэгдүүлнэ. Харин төрийн дэмжлэгтэй, иргэддээ “салаавч” өгдөг нефть импортлогчид далимдуулаад үнээ сайхан нэмж өгнө. Нэмэхээс гарцаагүй. Учир нь Н.Учрал Ерөнхий сайд болохдоо “үнийг хүчээр барихгүй” гэж хөмсөг зангидангүй хэлсэн нь эрх мэдлийн гинжин хэлхээсний нэг цагаригаас атгасан нефть импорлогчдын харцан доор байгааг илтгэнэ. Амнаас гарсан үг нь “аймаар” ардчилсан мэт харагдсан ч байдал дээрээ өөр гэдгийг хэрсүү уншигчид эрх биш гадарлаж байгаа байлгүй.
Ардын намын 38, 30-ын бүлэг нь эвлэрч, дарга тодруулах гэсээр байтал нефтийн үнэ буучихлаа. Үнийн нэмэгдлийг эрх баригчид яаж шийдэх нь эргэлзээтэй...
Ардын намд одоо зодоон болж байгаа. Энэ үндсэндээ нэгдүгээр хүн болон гомдогсдын арми, тооноор орж иргэсдийн армийн тулаан юм. Хэрэв УИХ-ын дарга энэ зодооныг эвтэйхэн зохицуулчихдаг хүн байхгүй бол бөөрөнхий, будилуу, сүргүй хүн байвал хэцүү. Өөрийгөө номер хоёр гэж бодож байгаа бол бүр ч дэмий. Дэмтэй байхын тулд л Н.Учрал хөмсөг зангидаад УИХ-ын даргаа томил, дараа нь Засгийн газраа байгуулая гээд байгаа юм шүү дээ. Өөрөө ч өчигдөр хэлсэн зарим салбарын сайд нарыг улираана гэж. Салбартаа ч байгаа юм биш. Тохироо л тэгж таарсан хэрэг. Ингээд ирэх цагийн зураглал нэг иймэрхүү байна. Ингэж, ингэж даргын суудал эзэнтэй, Засгийн газар нь сайд нартай болох авч зодоон нь дуусахгүй үргэлжилнэ. Энэ хооронд Н.Учрал хөмсөг зангидсан хэвээр л байна. Бодлогын хүү буурах нь бүү хэл улам чангарч, иргэдэд зээл гэдэг юм олдохоо болино. Энэ хооронд МАН-ыхан зодолдсон хэвээр л байна. Нэгдүгээр хүн сайхан тохирч чадахгүй бол 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд далаараа тавиулна. МАН-ыхан буруутан хайж эхэлнэ. Хамгийн эхний бай нь Н.Учрал өөрөө байх болно. Ингээд 80-аад оны залууст итгэл өгөлгүйгээр зогсохгүй 70-аад оны ах нар удирдлаганд гарна. Ардчилсан намтайгаа сайхан тохиролцоод 2028 оны сонгууль 2012 оны сонгууль шиг юм болно. Эвсэнэ. Эвслийн Засгийн газар байгуулагдана. Гоё нэртэй бонд гаргана. Сүрэг бүтэн гэдэс цатгалан үлдэнэ. Ардын амьдрал дээшлэхгүйгээр барахгүй дахиад ОУВС бараадах дээрээ тулж ч мэднэ.
Яг үүнийг уншиж байхад Ардын нам хуралдаад, дарга нь би, чи гээд яг халуун дээрээ байгаа. Улс орны том эрх ашиг биш өнөө, маргаашийн эрх мэдлийн цулбуураас атгах нь тэдний чинхүү хүсэл нь...

Сэтгэгдэл ( 2 )
Ухаантай пязда вэ
ТӨР УГААСАА ЭЗЭНГҮЙ ШҮҮ ДЭЭ .ЭЗЭНГҮЙ БАЙСАН Ч ГЭХ ШИГ. ТӨРТЭЙ ТӨРГҮЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ. КОММУНИСТ СЭТГЭЛГЭЭНЭЭС СЭТГҮҮЛЧИД САЛДАГ БОЛООСОЙ ХАРЛАСАН ЮМ