Төрийн өмчийн оролцоот “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн 51 хувийг төр эзэмшдэг бол Б.Батцэцэг сайдын хэвлэх үйлдвэрүүдэд хуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Н.Цэрэндолгорын удирддаг “Мигасон” компани 49 хувийг нь эзэмшдэг.
“Төрийн үнэт цаас хэвлэл” гэх төрийн өмч давамгайлсан компанийн захирал Э.Ариунгэрэл ч Б.Батцэцэг сайдын “Монголын үнэт цаас” компанийг удирдаж байгаад энэ албан тушаалд томилогдож байсан нэгэн юм. Төрийн өмчит тус компани Гадаад харилцааны сайдын хүүгийн үүсгэн байгуулсан компанийн мэдээлэлд нэр нь бичээстэй буй Б.Сувдмаагийн удирддаг “Жордан топпен трейд” компаниас ямар ч тендергүйгээр 24 тэрбумын худалдан авалт хийж байсан нь олны анхааралд орчихсон. Гадаад паспорт хэвлэдэг төрийн энэ компани Гадаад харилцааны сайдтай шууд хамаатай 4 компани руу удаа дараа их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтууд ил болж байна.
Жишээлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Экопак Монгол” компанийн данс руу 2024 оны наймдугаар сард “цаасан хайрцаг болон бүтээгдэхүүний хайрцагны төлбөр” нэрээр 5.550.000 төгрөг шилжүүлжээ.
“Экопак Монгол” ХХК нь сайд Б.Батцэцэгийн хувийн компани. Түүний ХОМ-доо мэдүүлдэг “Экопак Монгол” ХХК “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн компанид бараа нийлүүлдэг буюу хамаарал бүхий байгааг та дээрх баримтаас харж болно. Ганц биш бүхэл бүтэн 4 компани нь ийнхүү гадаад паспорт хэвлэх төрийн компанид бараа нийлүүлдэг, зуун зуун сая, хэдэн тэрбумаар нь санхүүжилт авч байгаагаас харахад Монгол Улсын гадаад паспорт хэвлэдэг компанид Б.Батцэцэгийн хамаарал маш өндөр болох нь илэрхий харагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )