БНХАУ-д 14 настай сурагч хүү гэрийн нөхцөлд онгоцны хөдөлгүүр угсарсан байна. Че Жинган гэгч хүү цэцэрлэгт байхаасаа онгоц сонирхож эхэлсэн бөгөөд цаасаар онгоц хийж, туршиж эхэлсэн байна. Хожим нь хүү аэродинамик зэрэг шинжлэх ухааны ном, сэтгүүл уншихад олон цагийг зарцуулдаг болсныг хүүгийн эцэг, эх ярьжээ. Олж авсан мэдлэгээ практик туршин, өөрөө тийрэлтэд хөдөлгүүр бүтээх зорилт тавьсан байна. Тэрбээр бэлэн зураг төслийг хуулбарлалгүй, өөрөө зураг төслийг тэгээс зурж, 2D, 3D загваруудыг бүтээж, агаарын урсгал, температур, даралтын параметрийг тооцоолдог болжээ.
Энэ бүх үйл явцыг тэр нийгмийн сүлжээнд хуваалцдаг бөгөөд зарим мэргэжлийн хэрэглэгчид түүнд зөвлөгөө өгч, зарим нь эд ангийг нь 3D хэвлэгчээр хэвлэж тусалдаг байна. Хагас жилийн дараа Че тийрэлтэд хөдөлгүүрийн анхны загвараа гаргасан ч түлш зэрэг асуудлаас болж бүтэлгүйтжээ. Гэсэн хэдий ч Че загвараа сайжруулж байгаа бөгөөд түүний бүтэлгүйтэл нь цааш сурах урам зориг өглөө гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )