“Эхийн алдар” одонг олгохдоо хүүхдийнх нь насыг үл харгалзан олгохоор боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
7 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн /2026.05.29/ нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэй эхэлсэн. Үдээс өмнө 95 гишүүн хүрэлцэн ирж, 11 асуудал хэлэлцлээ. Энэ өдөр хамгийн түрүүнд ирж, цагаа бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Аюушийн АриунзаяаОтгоны СаранчулуунБат-Өлзийн Бат-ЭрдэнэГанбатын ОчирбатБөхчулуун Пүрэвдорж нарыг УИХ-ын дарга С.Бямбацогт нэр дуудан онцлов. 

Хуралдаанаар урд өдөр явуулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хууль, тогтоолын төслүүдийг батлах эсэх санал хураалт явууллаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 84 хувь нь буюу 68 гишүүн дэмжиж санал өгсөнөөр эцэслэн батлав. Энэ нь цаашид “Эхийн алдар” одонг олгохдоо хүүхдийнх нь насыг үл харгалзах, урамшуулах шалгуурыг цөөлж буйгаараа онцлог юм.

 

 

Санал хураалтыг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэхэд, 70 гишүүн дэмжсэн санал өгч, төслийг баталлаа.

Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 70.8 хувийн саналаар дэмжлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 73 гишүүн дэмжиж, баталлаа. Хүүхэд хамгаалал, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдэх эрх, хүний эрх хамгаалагч, жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар Засгийн газарт үүрэг болгосон энэхүү тогтоол нь хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий хавсралттай. Үр дүнг бодитоор үнэлж, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх онцлогтой шийдвэр гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт онцолж, Ажлын хэсэгт баяр хүргэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top