МАН-ын "шидэт дохиур" нь АН болж хувирлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Та буруу сонсоогүй ээ. Сөрөг хүчин нь эрх баригч намын зодооны жийргэвч нь байгаад зогсохгүй шидэт дохиур нь болчихно чинээ санаагүй явлаа. Гэтэл шидэт дохиур нь болчихжээ. Угтаа Ардчилсан нам бүхэлдээ биш ч шидэт дохиурын иш нь зайрмагийн цехийн О.Цогтгэрэл байж. Сөрөг хүчин угаасаа эрх баригчдын бодлогыг сөрж зогсдог. Гэхдээ сөрнө гэдэг нь сөрөхийн нэр биш сөрөг хүчний бодлогоо алтернатив байдлаар танилцуулна гэсэн үг. Энх цагийн цэргийн үхэлд батлангийн салбар нь хариуцлага хүлээх ёстой юу гэвэл тийм. Үүнийг нь сөрөг хүчний зүгээс сөрж зогсоод шүүмжлэх нь ч зүйн хэрэг. Гэхдээ тэгэхгүй бол ингэнэ гэдэг тулгалт тавиад Ерөнхий сайд руу мацаж байгаа нь эрх баригчдын зохиол л гэж уншигдаад байна.

Сөрөг хүчин сөрөхдөө Ардын намын улс төрийг хийчихлээ...

Ер нь Н.Учралын Засгийн газар бүрэлдэхэд сайдын суудлын санаа О.Цогтгэрэлд байсан л байж таараа. Тийм ч учраас Н.Учрал Ардчилсан намынхантай хэлэлцэж байна гэж ам алдсан. Гэтэл АН-ын арай дөнгүүр гишүүд нь сайдын суудал хэрэггүй гэж ятгаад, тэр нь олон нийтэд хүрчихсэн тул шидэт дохиур гэнэт доош буусан. Энэ хооронд эрх баригчид тос гартал тэврэлдсэн мэт харагдавч эрх мэдлийн төлөөх тэмцэл нь дуусаагүй байлаа. Дуусаагүй нь Л.Оюун-Эрдэнийн ихэрхэл, тооноор орж ирэгсдийн байр байдлаас харагдаж эхэлсэн. Удалгүй нэгдүгээр хүний фракц руу эрх мэдлийн туухай хазайж улмаар Хотын даргыг хавирч унагаав. Унагаахдаа зодооны хоёр талын аль руу нь ч хазайхгүй дундын тоглогчийг олж сонгоод дарга болгосон. Даргаа тойроод нүүрсний хулгайч гэж цоллож байсан Б.Амарбаясгалангийн талынхан “дарга” болж тодров. Тодорсон дарга нарын дараахан Б.Амарбаясгалангийн хилийн хориг цуцлагдсан нь яавч тохиолдлын хэрэг биш.

Эрх мэдлийн баланс нэг тал руугаа шийдэгдсэн учраас тэр талынхан засагт орох гэж үзнэ. Засагт орохын тулд аливаа нэг асуудал хэрэгтэй. Ер нь Н.Учралыг шүүмжилж байгаа нь Ардын намын дотроос болохоос биш Ардчилсан намынхан сөрж зогсоод байгаа юм биш. Саяхан Н.Учралын зурагтай баахан сөрөг постер явсан нь үүнийг гэрчилнэ. Хариуцсан салбар бүр дээр тухайн сайдын хувь хүн рүү нь дайрсан шүүмжлэл их болж байгаа нь ч үүний илрэл. Аялал жуулчлалын салбар, гадаад харилцааны салбар, батлан хамгаалахын салбар, онцгой байдлын салбар ялангуяа шүүмжлэлд ихээр өртөж буй. Тэгэхээр эрх баригчдад шалтгаан хэрэгтэй. Шалтгаан нь хариуцлагагүй байдал. Шалтаг нь дарга болох хүсэл л юм. Яг үүнтэй сөрөг хүчний улс төрийн тоглолт давхцаж, улмаар Ардчилсан намынхан ч яг энэ акцыг өрнүүлээд байна.

Ах намынханд шүд сугалах хэрэгцээ байсан ч эвээ нэг л олохгүй байлаа. Ашгүй Ардчилсан намын улс төр энэ зүг рүү эргэж, эрх баригчдын хүслийг гүйцээх дохиур нь болчихсон...

Н.Учралын Засгийн газар ганхаж байгаа мэт харагдаж байна уу. Гарцаа байхгүй тийм. Гэхдээ харагдах байдлаас цаана асуудал бүр өөр. Н.Учрал анхнаасаа л дундын хүн байсан болохоор эрх мэдлийн балансыг хадгалах үүрэгтэй байсан. Тиймээс фракц бүрийн төлөөллийг хэрхэн багтаах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа. Нэгэнт засаг нь ганхсан учраас шүд сугална. Шүд сугалахын тулд хорхой идсэн байх шаардлагатай тул хэл амтай, шүүмжлэл ихтэй салбарын сайдыг сольж, ард түмэнд таалагдахын тулд шинэ биш ч хуучин нэр гаргаж ирнэ. Тэр нь аль нэг талын шошготой байх ёстой. Ардчилсан намынханд ч санал тавьж үзнэ. Тавиад нөгөөдүүл нь үгүй гэнэ. Тэгээд таван тийш тарж хэвтчихээд эв таарсан хэсэгтээ барьцаа чангаруулж аваад улс төрийн тоглолт хийнэ. Удахгүй өрнөх дүр зураг гэвэл ийм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top