
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Т.Мөнхсайхан нарын гаргасан хуулийн төсөлд туссан хамрын тамхины гааны амттай холбоотой зохицуулалт, 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдаалахгүй байх тухай заалттай холбоотой саналуудаар дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд хууль батлагдсанаар гарах үр дагаварууд, тэр дундаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалтын биелүүлэх, бусад хууль, тогтоомжийн уялдааг хангах, татварын хувь хэмжээг тодорхой тооцоолох, хууль хэрэгжих механизмыг төсөлд нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дутуу дулимаг хууль батлаад хэрэгжүүлэх явцад сайжруулна гэж тооцож байгаа нь буруу гээд боломжтой бол төслийг хууль санаачлагч буцаан татаж авах нь зүйтэй гэж зөвлөлөө.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан саналууд, мөн дахин санал хураалгахаар оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 0 )