БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин нийслэлийн 21 дүгээр сургуульд зочиллоо

Ж.Сондор | Zindaa.mn
59 минутын өмнө

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин нар Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд зочиллоо.

2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамны дэмжлэгээр байгуулсан ухаалаг ангийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү ухаалаг анги нь цахим сургалтын орчныг бүрдүүлэх, сурагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг хөгжүүлэх, багшийн сургалтын арга зүйг шинэчлэхэд чиглэсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж байсан.

Тус ангид дунд, ахлах ангийн сурагчид интерактив дэлгэц, дижитал сургалтын платформ, хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын хэрэглүүр болон бусад орчин үеийн технологийг ашиглан хичээлдээ идэвхтэй оролцож, цахим боловсролын мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна. Мөн багш нар мэдээллийн технологид суурилсан сургалтын шинэ арга зүйг өдөр тутмын хичээлдээ нэвтрүүлэн, суралцагч төвтэй сургалтыг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Монгол, Солонгосын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү ухаалаг ангийн төсөл нь 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд сурагчдад чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхээс гадна дижитал технологид суурилсан сургалтын орчныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй үр дүнтэй санаачилгын нэг юм.

21-р сургууль БНСУ-ын Койка Олон Улсын Байгууллага болон On happy төрийн бус байгууллагуудтай хамтран Солонгосын соёлын өдөрлөг, Сурагч солилцооны хөтөлбөр, Туршлага солилцох уулзалт, хамтарсан хичээлүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн

сурагчдад хандан БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин: Мөрөөдлөө бодит болгохын төлөө тууштай хөдөлмөрлөж, эх дэлхийдээ үнэ цэн бүтээдэг, эргэн тойрныхоо хүмүүст үргэлж тус дэм болдог иргэн болон төлөвшихийг захилаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top