Таван толгой ордыг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд дэвшил болох "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн нүүрсний экспортоо эхлүүлэх үйл ажиллагаа маргааш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Эрдэнэс Таван Толгой”-н уурхайд болно.
"Эрдэнэс Тавантолгой" ХК эхний жилүүдэд дөрөвдүгээр давхаргаас олборлолтоо явуулан гурав, дөрөв дэх жилээсээ "том" гэж нэрлэсэн ТЭЗҮ-ийн дагуу "0" давхаргаас олборлолт хийхээр төлөвлөж байгаа юм. Жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж үзвэл 30 жилийн хугацаанд 410 сая орчим тонн нүүрс гаргаж авах тооцоо байна. Таван толгой ордын зүүн хэсгийг "Эрдэнэс Таван Толгой" компани бие даан олборлолт явуулах бөгөөд ингэхдээ эхний 5-10 жилд гэрээт олборлогчтой хамтран ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж. Цанхийн зүүн хэсгийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сард баталгаажуулсан. Зүүн Цанхийн нөөц 795 сая тонн бөгөөд энэ хэсэгт агуулагдаж буй нүүрсний 70 гаруй хувь нь коксжих нүүрс аж.
Цанхийн баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах бөгөөд энэ хэсэгт 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 65 хувь нь коксжих нүүрс аж.
Зүүн Цанхи буюу "Эрдэнэс Таван Толгой" компани оператор компанитай хамтран нүүрс олборлох хэсгийн бүтээгдэхүүнийг Хятадын төрийн мэдлийн "Chinal-co" компанийн охин компани "Сhalсо" худалдан борлуулж зөвхөн Хятадын гэлтгүй БНСУ, Японы компаниудад таван жилийн турш нийлүүлэх юм. Тус компани манай улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн. Үүнийхээ хариуд "Эрдэнэс Таван Толгой" компанийн борлуулалтыг таван жил хариуцах бол үүнээс цааш Монгол Улс өөрөө борлуулалтаа хариуцах ажээ. Тус арга хэмжээнд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, "Эрдэнэс МГЛ" компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын албаны хүмүүс оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )