Хичээлийн шинэ жил эхэллээ. 2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 340 сургуульд 422 мянга, сургуулийн өмнөх боловсролын 653 байгууллагад 126 мянга гаруй хүүхэд суралцана. Мөн 44 мянга гаруй багш, ажилтан эдгээр байгууллагад ажиллана.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.09.01/ нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Тус сургуульд Нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутгийн тусгай хэрэгцээт 380 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 48 сурагч элссэн байна.
Шинэ хичээлийн жилд сургуулийн спорт зааланд их засвар хийж, сурагчдыг тайвшруулах өрөө танхим шинээр тохижуулан байгуулжээ. Мөн хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, засварын ажлуудыг хийсэн гэдгийг 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал хэлэв.
Нээлтийн үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн багш, ажилтан, сурагчдын эцэх эхэд талархал илэрхийлээд, нийслэлийн зүгээс хүүхэд бүрийн сурч хөгжих орчин нөхцөл, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )