Тэр тэссэн

Админ | Zindaa.mn
10 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ойд зориулав


Нэгэн зүйл

Алтайн уулчид, уулын спортын тамирчид санаачилан хэрэгжүүлж буй мөсөнд авиралтын болон спорт авиралтын техникийн төрлийн бэлтгэл, сургуулилтын хөтөлбөр 2025-2026 онд Тонхил суман дахь ”Олимп” Спорт авиралтын төвд (1+1) сар, БНСУ-ын Сөүл хотод (1+2) сар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ бол уг хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг байлаа. Сөүлийн бэлтгэл “мэргэжил”-ийн түвшнийх тул манай тамирчид тэнд очихоос өмнө айлын дасгалжуулагч нараас урьдчилж санал болгодог “гэрийн даалгавар”-ыг гүйцэтгэсэн байх ёстой. Тоо, чанарын тодорхой үзүүлэлтүүд хангана. Иймд бид Тонхилын дугуйлан болон өвөл, зуны сургалтад ач холбогдол өгдөг.

Сөүлийн сургалт бүрийн дараа тамирчин мөн адил “гэрийн даалгавар”-тай ирдэг. Энэхүү хөтөлбөрийг санаачлагч тамирчдын нэг ОУХМ Н.Сэлэнгэ (Селенж) Сөүлд зуны бэлтгэл сургуулилтаа базааж, энэ долоо хоногт амжилттай өндөрлүүллээ.

Ачааны хүндийг тамирчид, багш дасгалжуулагч нар үүрч байна. Энд миний оролцоо өчүүхэн бага тул надад хөндлөнгөөс ажигласан сэтгэлдэл төдий зүйлс буй. Товч хуваалцюу.

Нэгэн зүйл

Дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчдын бэлтгэл сургуулилт бол жинхэнэ тэсвэр, хүч шавхсан хүнд хөдөлмөр байдаг гэдгийг улам сайн олж мэдэв, би. Онол,арга зүйн нарийн төлөвлөгөөтэй.

Хаа холоос харж суугаа надад гэхэд цуцаж, няцмаар үе байдаг байв… Заримдаа хэцүү цаг үед нь олигтой юу ч зөвлөж мэдэхгүй тул дэмий л "Тэсээрэй" хэмээн Селенжид захиж өөрт нь найдан орхидог байлаа.

Тэрбээр өөрөө ч төсөөлж, тооцоолж байгаагүй цөөнгүй бэрхшээлүүдтэй бэлтгэлийн явцад нүүр тулсан. Миний мэдэх лавтай 3-4 буй. Цаана нь зөвхөн дасгалжуулагч багш нарт хэлж хандан өгсөн заавар зөвлөгөөнүүдийг нь ягштал мөрдөж, шүд зуун тэссээр давж гарсан зүйлс тусдаа нэмэгдэнэ.

Солонгос, монгол багш, дасгалжуулагч нарын туршлага, ур ухаан,мэдлэг чадвар үнэнхүү бишрэм байсныг дурьдахад таатай байна.

Бид маш их зүйл шинээр сурч, туршлага хуримтлуулав. “Сутайн бор” клубийн хувьд төдийгүй манай улсын авиралтын тамирчид түүхэндээ анх удаа ийм өндөр түвшний бэлтгэлд, системтэй, харьцангуй урт хугацаагаар хамрагдаж буй нь энэ билээ.

Нэгэн зүйл

Билэгшээлтэй сайхан зүйлс бас тохиолддог. Тонхил сумд “Сутай” хайрханы Төрийн тахилга эхэлсэн тэр өдөр Селенж “том даваа” давж билээ. Энэ бол түүний хувьд “ялалт"-ын өдөр байсан юм. Юун гэвэл, техникийн төрөлд заасан замыг тогтоосон хугацаанд нэг ч алдаагүй авирч дуусгасан энэ зуны анхны өдөр. Өмнө нь замаа дуусгах асуудалгүй байсан хэдий боловч дунд нь цөөн алдах нь байдаг байв. Бүтэн нэг сар хичээсний эцэст санасандаа хүрсэн нь түүнд том урам өгсөн биз. Санамсаргүй давхцал мэт боловч хүнийг төрсөн нутгийнх нь уул, ус түшиж, ивээж явдаг гэдэгт би бээр хувьдаа итгэхэд хүрсэн билээ.

Бэлтгэлийн талаарх бид хоёрын яриа:

-Бэлтгэл дээр том тамирчид хүртэл уйлж байхыг урьд нь би хараад ойлгодогггүй байсан.

-Сая ойлгов уу?

-Тэгсэн

-Хэдэн удаа уйлав?

-Хоёр

-Цөөн байна

-?! …

Энэ бол БНСУ,Сөүлийн бэлтгэлийн эхний хагаст болсон яриа.

Нэгэн зүйл

Мөсөнд авиралт,спорт авиралтын техникийн төрлүүдээр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын шилдэг тамирчид,дасгалжуулагч багш нарын “гарын ая”-ыг хүссэн тамирчин бүр даахгүй гэдгийг шулуухан хэлье. Дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчид, дасгалжуулагч нартай авиралтын гүрэн улс шүү дээ. Спорт авиралтын төрөлд олимпын медальтнуудаа тосон авах цаг дэргэд нь ирсэн хэмээн би боддог. Найддаг.

Сөүлийн бэлтгэл бол зөвхөн тууштай,тэсвэртэй тамирчдад хамаатай гэвэл хатуудсан болохгүй байх. Тууштай гэдэг нь хамгийн багадаа 10 жилийн цуцалтгүй хөдөлмөр… Тэсвэртэй гэдгийн тухайд дор жич өгүүлье.

Хөтөлбөрт хамрагдсан тамирчин өдөр бүр өндөр ачаалал, эрсдэл, хариуцлага үүрдэг. Хоёр орны Уулчдын холбоо, тамирчид, клубүүдийн нэр хүнд тэргүүн ээлжинд яригдана. Ёс зүйн өндөр босготой.

Тамирчид манай улсын мөсөнд авиралтын болон спорт авиралтын техникийн төрлийн амжилтыг Олон улсын тавцанд ахиулах гол зорилготой.

Бидэнд олдсон мэдээлэлээр ирнх 2026 оны улирлын Мөсөнд авиралтын болон спорт авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал, тив,дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд урьд жилүүдээс илүү “сонирхолтой” бөгөөд “ширүүн” өрсөлдөөнтэй болно. Энэ бол баталгаатай.Дараа нарийвчлан танилцуулъя.

Нэгэн зүйл

Алдарт жүдоч, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяаг спортын ертөнцөд сайн мэдэх билээ. Унгарын Будапештад 2017 онд зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн “А” хэсгийг тэргүүлж барилдсаар 4 дараалан ялж, алтан медалийн төлөө Японы жүдока Ёшида Цукасатай хийсэн барилдаан. Энэ тулааныг тухайн үед би бээр яаж яваад ч билээ Оросын ТВ сувгаар үзэж таарсан юм. Орос хэл хальт мөлт гадарлах тул хөрш улсын ТВ тайлбарлагч хоёр залуу мэргэжилтний илэн далангүй яриа сонирхол татаж билээ. Д.Сумьяа, Ёшида нарын тус тусын мэх, арга техник, тактик болон барилдааны агуулга гэх мэт олон талаас нь дэлгэрэнгүй тайлбарласныг санаж байна. Үндсэн цаг (4 минут)-т хэн хэн нь оноо авалгүй тэнцэж, Golden score руу шилжихэд монгол түмэн амьсгаа даран ширтэн хүлээсэн.

Тайлбарлагч нар өгүүлрүүн:

-Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх ийм түвшний барилдааны татами дээрх 1 минут бүтэн марафонд 3 км гаруй гүйхтэй лавтай тэнцэнэ...

-Тэгэлгүй яахав. Жинхэнэ хүч ,тэсвэр шавхсан хүнд бас сонирхолтой барилдаан болж байна.

Хоёр жүдоч 13 минут гаруй өөрт байгаа бүхнээ дайчлан тулсны эцэст Д.Сумьяа W/ Вазари үнэлгээ авч илүүрхэн, Дэлхийн аваргын алтан медаль хүртэж билээ. Д.Сумьяагийн ганган хөмрөөнд Ёшида тэсээгүй юм.

Нөгөө ТВ тайлбарлагч хоёр:

-Монгол охин ялалт байгуулж дэлхийн аварга боллоо! Бүр техникийн оноогоор хожчихлоо... Гайхалтай

-Тэглээ. Бас бүтэн марафон гүйчихлээ шүү дээ!

-Тийм ээ!

-Агуу орос оронд өнөөдөр ийм охин бий билүү?!...

Энд манай жүдочийн тэсвэр тэвчээрийг дэлхийн аваргын титэм зүүж буй марафончтай зүйрлэж буйг оросоор ойлгоход түвэггүй байлаа.

Их спортын тамирчин хүний тэсвэр гэдэг ийм агуу зүйл байдаг ажээ. Үүнийг тамирчид өөрсдөө ярьдаггүй. Харин тэдний тухай олон улсын мэргэжилтнүүд ярьдаг байх нь!


Нэгэн зүйл

Манай тамирчинд сэтгэл,зүтгэл гарган дэмжлэг үзүүлж,хүлээж авч,арга техникээ харамгүй зааж сургасан БНСУ-ын багш дасгалжуулагч,тамирчид болон спортын мэргэжилтнүүдэд МҮОХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. БНСУ-ын шигшээ багийн хамт олонд LA 2028 олимпын наадамд зорьсондоо хүрэхийг хүсэн ерөөе.

Олимп, дэлхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр багшид баярлалаа. Бидний түшиг тулгуур, нөмөр нөөлөг билээ.

“Сутайн бор” клубийн Ерөнхий захирал бөгөөд дасгалжуулагч, Уулын спортын мастер Х.Нямдоод талархал илэрхийлье. Тамирчидаа сайн сойжээ. Тонхилын дугуйлангийн ур чадвар, мэдлэг туршлага улам бүр зузаарч буйд баяртай байна.

МУБИС-ийн БТС-ийн Спорт аялал жуулчлалын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.Монголын шилдэг спорт авирагч нарын гэр орон болсон танай хамт олны дэмжлэг туслалцаа бидэнд үргэлж зүтгэх хүч болж, урам зориг өгч байдаг билээ.

МУҮХ болон МҮСАХ-ны Ерөнхийлөгч нарт талархал илэрхийлье. Бид Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулна. Селенжид баярлалаа. Сурлага,спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

МҮОХ-ны гишүүн А.Батсүх
Улаанбаатар
2026.09.05

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top