Хүүхдийн тэтгэмжээ гурваас дээш сар төлөөгүй 188 зөрчил бүртгэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
19 минутын өмнө

Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар хүүхдийн тэтгэмжээ гурваас дээш хугацаанд төлөөгүй 188 зөрчил Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгсэн санд бүртгэгдэж, хуулийн дагуу шийтгэл оноожээ. Дээрх зөрчлийн 93 нь Улаанбаатар хотод, 95 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлүүдээс 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахаар шүүхэд хүргүүлж, зургаан хэргийг яг одоогийн байдлаар шалгаж буй аж. Шүүхээс дээрх хугацаанд нийт 157 хүнд шийт оногдуулсан бөгөөд 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оноожээ.

Хүүхдийн мөнгөө төлөөгүй хэрэгт холбогдсон холбогдогчдыг хүйсийн байдлаар авч үзвэл 154 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Насны тухайд 36-45 насны хүмүүс олонх буюу 87-г нь эзэлж байгаа аж.

Нэмэлт мэдээлэл хүргэе. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан байдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top