БНХАУ-с шатахуун тогтвортой, урт хугацаанд авах гэрээ байгуулжээ

11 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов.

Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцлоо.

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

CNPC-ийн зүгээс Монгол Улсад 9 дүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцов.

Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 9 дүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийлэв.

Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top