Монголын эрдэс баялгийн салбар дахь гурван гол тоглогчийг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Монгол Улс Ази дахь эрдэс баялгийн хамгийн нөлөө бүхий үйлдвэрлэгч болох замаа хэдийнэ нээчихээд байгаа талаар санхүүгийн үйлчилгээний томоохон компани болох “Еurasia Capital Managment”-ийн ерөнхий захирал, эдийн засагч Алишер Али мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар энэхүү таамаг ойрын хугацаанд биелж, уул уурхайн салбараас олох орлого эрс өсөх гэнэ. Тэрбээр мөн өөрийнхөө судалгаан дээр тулгуурлан Монголын уул уурхайн салбар дахь гурван гол тоглогчийг нэрлэснээ олон нийтэд танилцуулжээ. Алишер Али мэдэгдэлдээ, “Хурдацтай хөгжиж буй Монгол Улсын уул уурхайн салбар дахь хамгийн ирээдүйтэй, нөлөө бүхий гурван  тоглогчид  Канадын “Айвенхоу Майнз”, манай улсын “Монголиан Майнинг корпораци” болон Австралийн “Хүннү Коал” багтаж байна. Харин эдгээр компаниудаас нэгдүгээрт сонгох нь “Айвенхоу Майнз” юм. Учир нь тэд Монголын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хэсэг гэгдэж буй Оюу толгойн ордод ажиллаж байгаа” гэв. Түүний ингэж үзэх нь аргагүй бөгөөд “Айвенхоу Майнз”-ын ажиллаж буй Оюу толгой нь дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том ордод нэрлэглэж байна.

Оюу толгойн тухайд үндсэн олборлолт нь ойролцоогоор 2013 онд эхлэх бөгөөд үйл ажиллагааны эхний 10 жилийн хугацаанд нэг жилд 650 мянган унци алт болон 544 мянган метр куб зэс олборлох нь тодорхой байгаа аж. Түүнчлэн “Айвенхоу Майнз”-ын удирдлага Оюу толгойгоос жилд дунджаар гурван сая тонн унци мөнгө олборлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн нь энэхүү ордын чансааг дэлхий дахинд харуулж байна.

Алишер Али цааш өгүүлэхдээ, “Харин миний хоёр дахь сонголт бол “Монголиан Майнинг корпораци”. Тэд бол Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том экспортлогч болоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа үйлдвэрлэгч юм” гэв. “Монголиан Майнинг корпораци” буюу “Энержи Ресурс” нь өөрсдийн ажиллаж буй Ухаа худгийн уурхайнхаа тусламжтайгаар Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс их хэмжээний мөнгө босгож буй үйлдвэрлэгч. “Монголиан Майнинг корпораци”-ийн ажиллаж буй нүүрсний ордууд Хятадын нүүрсний зах зээлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг энд хэлэх хэрэгтэй.

Түүний гурав дахь сонголт болох “Хүннү Коал”-ын үйл ажиллагаа өдөр ирэх тусам өргөжиж буй. Үүний тодхон жишээ нь, Австралийн “Хүннү Коал” компани манай улсад олборлолт болон хайгуулын есөн лиценз эзэмшин ажиллаж байгаа явдал   юм. Тэдний ажиллаж байгаа хамгийн том уурхайгаар Үнст худаг нэрлэгдэж байна.

“Хүннү Коал” компани Дундговь аймгийн нутаг дахь Үнст худгийн нүүрсний төсөлд эзэмшдэг хувиа энэ оны эхээр 15 хувиар ахиулсан. Түүнээс гадна Хар тойром зэрэг ойролцоо орших олон ордын лиценз эзэмшиж буйгаа тэд мэдэгджээ. Үнст худгийн орд 140 метрийн гүнд 324 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд 6.784 ккал/кг илчлэгтэй сайн чанарын эрчим хүчний нүүрс агуулдаг аж. Олны анхаарлын төвд буй энэ төсөл хайгуулын хоёр, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нийт 59 мянган га газрыг хамардаг юм байна. Энэ ордоос жилд 250-500 сая тонн нүүрс олборлож, дотоодын болон урд хөршийн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа “Хүннү Коал” мэдэгджээ. Эцэст нь хэлэхэд, энэ компани манай улсад эзэмшдэг ордуудынхаа ачаар Австралийн хөрөнгийн бирж дээр өөрсдийн хувьцаагаа гаргаад амжжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top