Яллагдагч Б.Баатарыг цагдан хорих ПРОКУРОРЫН САНАЛЫГ шүүх хүлээж авсангүй

Б.Цог | Zindaa.mn
42 минутын өмнө

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ ...... гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх нөхцөл нь тухайн яллагдагчийг цагдан хорих бодитой, үндэслэл бүхий эрсдэл байгааг хэрэгт авагдсан баримтаар тогтоосон байхыг шаардана.

Тус заалтын “гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх” гэдэг нь яллагдагч өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг дахин дүгнэх бус, тухайн яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл өмнө эхэлсэн гэмт хэргийн үйлдлээ үргэлжлүүлэн гүйцээх бодит эрсдэл байгаа талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдсон байхыг ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Баатар нь цаашид шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл холбогдсон гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэж төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд яг ямар гэмт хэргийг дахин үйлдэх, эсхүл яг ямар гэмт хэргийн үйлдлийг үргэлжлүүлэн төгсгөх эрсдэлтэй байгаа, уг эрсдэл нь ямар бодит нөхцөл байдал үүсээд байгааг хангалттай нотолж чадаагүй болно.

Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг таамаглалд тулгуурлах нь үндэслэл болохгүй тул яллагдагч Б.Баатарт авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top