Монгол орны нийт нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аймаг, орон нутгийн удирдлагууд, Байгаль орчны газар болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Үүнд:
Эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх: Аймаг, сумдын Засаг дарга болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулах.
Ойд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох: Түймрийн аюулын үнэлгээ III болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд ойн аж ахуйн арга хэмжээ, ойн дагалт баялаг түүж бэлтгэх үйл ажиллагааг түр хугацаагаар хориглох. Мөн түймрийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн ойд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих.
Бэлтгэл, бэлэн байдлыг хангах: Ой, хээрийн түймрийг шуурхай илрүүлэх, унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, эрсдэлтэй бүсэд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хяналтын цэг ажиллуулах. Түүнчлэн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай мэдээлэл солилцоог зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Иймд иргэд ой, хээрт зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, цог нурмаа бүрэн унтраах, түймрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх шаардлагатай байна.







Сэтгэгдэл ( 0 )