Монгол, Оросын эрдэмтэн, судлаачид Эгийн голын усан цахилгаан станцын Байгал нуур, Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, станцын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой гэж дүгнэлээ.
Энэхүү дүгнэлтийг ОХУ-ын Эрхүү мужийн Листвянкад болсон Монгол–Оросын хамтарсан судалгааны үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр гаргасан байна.
ХАМТАРСАН СУДАЛГААГ 2025 ОНООС ХЭРЭГЖҮҮЛЭВ
Монгол Улс, ОХУ-ын холбогдох яамд 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд 2025 оноос Эгийн голын УЦС төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх хамтарсан судалгааг эхлүүлжээ.
Монгол, Оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач, мэргэжилтнүүд 2025–2026 онд уг судалгааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ 5 ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭВ
Листвянкад болсон уулзалтад хоёр улсын шинжээч, судлаач, мэргэжилтнүүд болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, судалгааны үр дүнг дараах чиглэлээр хэлэлцэв. Үүнд:
• Ус судлал, экологи болон салбар дундын судалгаа;
• Голын ёроол, эрэг орчмын өөрчлөлт, хээрийн судалгаа, газрын гадаргын загварчлал;
• Экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ;
• Усан цахилгаан станцын ашиглалтын горим, эрчим хүчний системийн загварчлал;
• Ус судлал, экологи, голын морфологийн урт хугацааны мониторинг.
Мөн Уулзалтын хурлын протоколд 2027 оноос Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газрын усны нөөц, экосистемийн төлөв байдлыг урт хугацаанд ажиглаж, үнэлэх мониторингийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССТ ТАНИЛЦУУЛНА
Талууд судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, байгаль орчны шаардлагыг төслийн дараагийн шатны бэлтгэл ажилтай уялдуулах, хил дамнасан усны сав газрын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал солилцсон байна.
Хамтарсан судалгааны үр дүн, дүгнэлтийг 2026 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 28 дугаар хуралдаанд танилцуулах юм.
Энэхүү судалгаа нь Эгийн голын УЦС төслийн байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг тодорхойлох, Байгал нуур, Сэлэнгэ мөрний экосистемийг хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар ЮНЕСКО-гийн ДӨХ-ны шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )