Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана

О.Должин | Zindaa.mn
53 минутын өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Фүкүй мужийн их сургууль болон “Fukui Shimbun” сонины төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын палеонтологийн өв, тэр дундаа Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн олдвор, байгалийн болон түүх, соёлын нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр Японы Фүкүй мужийн үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэв.

Японы талын төлөөлөгчид Монголын Палеонтологийн хүрээлэн болон Фүкүй мужийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгаа хийх, судлаачид, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Мөн Өмнөговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоонд тулгуурлан үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд суурилсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бий болгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд Фүкүй мужийн туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын палеонтологийн өвийн үнэ цэнийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоо, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top