Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадам 7-р сарын 28-нд шүдлэн насны морины уралдаанаар эхэлсэн. Шүдлэн насанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гурван морь уясан нь гурвуулаа цээжинд давхиж, нэг нь айрагдсан байна. Морь нь айрагдсанаас ердөө нэг цагийн дараа ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн Өвөрхангай аймагт газардав. Түүнийг нисдэг тэрэгнээс бууж ирмэгц хар өнгийн “Ланд 200”, “Ланд 105”, “Ланд 80” гэсэн гурван машин нисэхийн талбай руу орж тоссон. Тосч байгаа машинуудын дотор Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Дамбийням өөрийнхөө маяактай машинтай зогсож байгаа нь энэ. Хурандаа Дамбийням гурван хүний хамт өөрийн биеэр Сугар ноёныг тосч авч байна.

Хэн хүнгүй уулга алдаж, сүрдмээр байгаа биз. Яг л кинон дээр гардаг мафийн толгойлогч шиг, дэлхийн тасарчихсан баячууд шиг нисдэг тэргээр гэнэт буугаад л, хар теньтэй том хар жийпнүүд зам хөндөлсөж зогсоод л ...

Том Таван толгойд дөрвөн төрлийн тендер зарлагдсанаас хойш жил гаруй хугацаанд дорвитой үр дүнд хүрсэнгүй. Д.Сугар даргын телевизээр ярих нь бол хамгийн оптимальный хувилбараар асуудлыг шийдэж байгаа гэсэн. Бас гадныхныг хооронд нь уралдуулж, алалцуулж байгаад дэлхийд байхгүй сайн нөхцлийг тэднээс салгаж байгаа гэсэн. Одоо үндсэн хоёр тендерийнх нь ялагч тодорч байгаа юм гэсэн. Лав оператор компанийн эрхээс Монголын тал ердөө л 16 хувьтай үлдэж байгаа дуулдсан. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхойгүй байна. ТӨХороо бүрэн хариуцсан энэ ажилд “гэсэн, гэсэн” гэдэг дам үг л цохиод байгаа юм. Түүнээс биш тодорхой ганц ч зүйл алга. Тодорхой болж байгаа ганцхан зүйл нь Д.Сугар даргын хөлөглөдөг нисдэг тэрэг л байх шив. Ер нь том Таван толгойн асуудал яагаад ийнхүү гацаад байгаа нь үнэхээр сонирхолтой. “Энержи Ресурс” зэрэг хувийн компаниудын ажил цаг минутаар урагшилж байхад төрийн компанийн ажил ийнхүү цалгардаж байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Энэ ажлыг удаах, гацаах сонирхол хэн нэгэнд байгаа юм биш биз.

Д.Сугарын удирдаж байгаа Төрийн өмчийн хороо гэдэг энэ айлд нэг сонин үзэгдэл бий. Одоогоос дөрвөн сарын өмнө манай сайт “Таван толгойн цогц мэдээлэл” төслийг санаачилж ТӨХ-нд хандсан юм. Бидний зорилго бол таван толгойн хувьцааг ард иргэдэд олгож байгаатай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангахад оршиж байв. Гэхдээ ТӨХ-ноос төлбөр нэхээгүй. Энэ бол мэдээллийн хэрэгслэлийн хувьд ард түмний өмнө хүлээх манай сайтын нийгмийн хариуцлага гэдгийг тайлбарласан. Зүгээр л танайхаас гарч байгаа мэдээлэл олон нийтэд үнэхээр чухал байна, тиймээс мэдээллээр хангаж өгөөч гэсэн. Манай сайтын зүгээс Д.Сугар болон ТӨХ-ны бусад албан тушаалтнуудаас лавлах олон төрлийн эргэлзээтэй зүйлс одоо ч байсаар байна.

Иргэн та ч гэсэн хувьцаагаа яг хэзээ, хаанаас, яаж авч, зарах талаар тодорхой мэдээлэл байна уу. Уг нь хувьцааны талаарх мэдээллийг ард иргэдэд хүргэх үүрэг нь төрийнх. Засгийн газар, Төрийн өмчийн хороо үүнийг хийх ёстой. Харин бид тэдний ажлыг өмнөөс нь цалин хөлсгүй хийе гэсэн юм. Төсвийн мөнгийг чадлынхаа хэрээр хэмнэе гэсэн. Гэвч ТӨХ энэ талаар ямар нэг дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгөхөөс зайлсхийдэг юм билээ. Бид энэ талаар хангалттай хөөцөлдөж, гуйж гувшаад яаж ч чадаагүй. Мэдээллийн хэрэгслэлүүд авч чадахгүй байгаа мэдээллийг иргэд яаж олж авах юм бэ. Тэгэхээр Д.Сугар тэргүүтэнгүүд зүгээр л улс төржсөн, тодорхой бус, нэн бүрхэг мэдээллийг реклам төдий цацаад жинхэнэ бодит мэдээллийг нуугаад байх шиг.

Төрийн ажлыг ингэж явуулж байгаа Д.Сугар дарга бизнес хийдэггүйг хүмүүс мэднэ. Өөрөө ч энэ талаар бахархаж ярих дуртай. Эцэг эхээс өвлөсөн хур их хөрөнгөтэй гэж лав сонсогдоогүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нь лав тийм зүйл бичигдээгүй байна. Гэтэл нисдэг тэргээр наадам хэсэх мөнгийг хаанаас олж байна аа.

 

Ө.Мэргэндүү.

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top