Канадын бас нэгэн компани нүүрс олборлолтын салбарт ширүүн дайралт хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Канадын “Luску Strike Resources” компани Чойр-Нялгын сав газар дахь өөрсдийн уурхайнууддаа өрөмдлөг хийхээр төлөвлөсөн талаар компанийнхаа албан ёсны вэб сайтад өгүүлжээ. Гэхдээ өрөмдлөгөө манай улсын аль нэг компаниар хийлгэх бөгөөд албан ёсны сонгон шалгаруулалтаа хийгээгүй байгаа аж. “Luску Strike Resources” компанийн ерөнхийлөгч Кэти Фоны мэдэгдсэнээр тэд эхний ээлжинд 1500 метрийн гүнд өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Ийнхүү Канадын бас нэг компани манай улсын нүүрс олборлолтын салбарт хөрөнгө оруулалт хийхээр ширүүн  дайралт  хийж эхэллээ. Дашрамд дурдахад, “Luску Strike Resources” компани манай улсын нүүрсний зургаан ордын 80 хувийг эзэмших гэрээг Монголын таван компанитай хийсэн талаараа өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэдний эзэмших болсон уурхайнууд бүгд нөөцийн хувьд маш их гэнэ. Ийнхүү олон уурхай эзэмшихийн тулд тэд одоогоор 5.8 сая ам.доллар бэлнээр төлсөн талаар эх сурвалж мэдээлэв. Чойр-Нялгын сав газар нийт 20.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоо байдаг бөгөөд цаашид нүүрсний нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Чойр-Нялгын сав газарт маш олон тооны уурхай байдаг. Сүүлийн үед тэдгээр уурхайнууд дэлхий дахины анхаарлын төвд орох болжээ. Ялангуяа, Канад, Австрали, Хятадын хэд хэдэн компани энэхүү сав газраас бүтээгдэхүүн олборлохоор ажиллаж байгаа юм. Энэхүү сав газарт Багануур, Цайдам нуур, Төгрөг нуур, Шивээ овоо, Ар булаг, Нялга, Амны хужир, Нүүрс ухаа, Их улаан нуур, Дэлгэрцогт, Тэвшийн нуур, Халгайн чулуу зэрэг уурхайнууд оршдог. Эцэст нь хэлэхэд “Luску Strike Resources” нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм.Тэдний үйл ажиллагааны гол чиглэл нь Монгол болон Хятад улсад төвлөрч эхлээд байна. “Luску Strike Resources”-ийнхэн Чойр-Нялгын сав газар нүүрсний өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа энэ компанийн хувьцааны ханш 0.5 хувиар өсч, 0.70 канад долларт хүрчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top